Voo Original Series, 17 production-ий хамтын бүтээл “Орлон тоглогч ОАК” хоёрдугаар  сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Бидний сайн мэдэх “Үргээлэг”, “Итгэл”, “Монгол”, “Эргэж ирэхгүй намар”, “Хохирогч” гэх мэт олон киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан тус киноны зохиолыг бичиж, найруулсан юм. Сүүлийн үед дэлгэцнээ гарч буй бусад киноноос хавьгүй өөр дүр, дүрслэл бүхий нэгэн цоо шинэ бүтээл мэндэлжээ.

Та жинхэнээсээ, бүр яг жинхэнээсээ хайрлаж чадах уу? Тоглоом шиг биш, зугаа шиг биш, ганцаардсандаа биш, бүр яг жинхэнээсээ?

Киноны эхэнд гарах учир битүүлэг үйл явдал үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Бүгд алга ташна. Удаан хадгалсан хайрцагтай бэлэг задлах мэт үзэгчид ингэж догдолсныг бодохоор тун чамин бүтээл болж дээ гэх бодол төрнө. Харин үүний дараа мэдээж маш том оньсого үлдэнэ. Тэгээд үйл явдал энгийнээр үргэлжилнэ. Олон үггүй, урт тайлбаргүй хэсгүүд. Гэхдээ энгийн зүйлийн дотор та бидний өмнө нь очоод, хүчин мөхөстөж байсан өнөөх хайр сэтгэл, бүтэлгүйтэл зэрэг гарч ирэх нь улам амттай болгож байлаа.

May be an image of 3 people and text

Хүн бүхэнд нандин түүх, дурсамж байдаг шиг “хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадаагүй” зүйл байдаг. Түүнийг л хэлчих юм бол аз жаргалтай, эрх чөлөөтэй болох юм шиг. Гэтэл амьдрал байж болох бүх л аргаар хясаж, боодог. Тэр нь цаг хугацааны уртад ямар их хөндүүртэй байгааг орлон тоглогч болсон хүн л мэдрэх байх. Мэдээж хэн нэгнийг орлох жүжигчин төдийгөөр амьдрахыг хэн хүсэх билээ. Гэхдээ амьдрал гэдэг ийм л ээдрээ сүлбэлдсэн эд.

Яг жинхэнээсээ хайрлаж чадсан хүн л ийм зориг, хичээл зүтгэл, үйлдэл гаргаж чадах юм байна гэдгийг эхний анги ойлгууллаа.

Бусад олон шалтгаан амьдралыг нь чиглүүлэх ч зүрх сэтгэл нь нэг л зүйлд үүрд тушигдсан тухай ч байж болох юм. Бүх зүйлийг дуусгахыг хүсэхгүй хүн байдаг. Яагаад гэвэл түүнд хэлж чадаагүй үг, гаргаж чадаагүй сэтгэл нуугдаж байгаа.

Энэ мэтчилэн хайр дурлалын нандин зүйлс өрнөхийн зэрэгцээ адал явдал хоорондоо уялдаа холбоо бүхий гэмт хэргүүд ч өрнөж эхэлнэ. Энэ бүхнийг харин огтхон ч уйдаахгүйгээр шилжилтүүд болон үйл явдлын дарааллаар шийдсэн байв.

Киноны үйл явдал  хаашаа  яаж эргэхийг тааж мэдмээр сонирхол ихэд төрнө. Бидний олноороо үзэж,  үйл явдалд нь автдаг солонгос драмыг бодвол илүү амьдралд, үнэнд ойрхон гэдгийг онцолмоор байна.

Зарим нэг хэцүүхэн зүйлс цухас хараад өнгөрсөн биз. Гэхдээ энэ кинонд тийм ч их нөлөөлсөнгүй.  Жүжигчдийн бүрэлдэхүүнд олны танил эрхмүүд тийм ч олон биш бөгөөд ихэнх нь та бидний өмнө үзээгүй жүжигчид. Тэдний дүр анхнаасаа өөрийнх нь байсан мэт тохирч байсныг нуух юун.

Бид өдөр тутамдаа үзээд дасчихсан жүжигчид дахиад л өөр дүрээр өдөр бүр уулзсаар байгаа нь залхуутай. Харин энд тийм зүйл алга. Зарим нэг шинэдсэн зүйлс аажимдаа үйл явдалд уусаж мартагдах бизээ.

Өнгө тавилт, хурдан түргэн солигдох хэсгүүд, нуршаагүй үйл явдал, сонирхолтой сэжүүр, гаргалгаа гээд, адал явдал гэж үүнийг л хэлэх байх. Ингэснээр Б.Амарсайхан дахин нэг дуулиан тарьсныг хэлэхэд таатай байна.

“Орлон тоглогч”-дын нууцлаг хэсгүүд үргэлжлэх нь тааврыг улам холдуулж эргэлзээ төрүүлнэ. Бас яг хэдхэн хормын дараа бороо орох гээд байгаа юм шиг үүл бүрхчихээд ганц нэг дуслах мэт өөр адал явдал энэхүү цувралд гарч ирэх гээд үе үе анхааралд өртсөөр байв. Тэгэхээр дан ганц дурсамжид үлдсэн хайр дурлалын талаар ч биш нь мэдэгдлээ.

Үүнээс цааш гэмт хэрэг, учрал тохиол, холбоо хамаарлын маш том сүлжээс явагдах нь үзэгчдэд  нэгэнт ойлгомжтой болов. Таныг ч бас буйдандаа тухлан эл зангилааны сэжүүрийг ололцоосой хэмээн хүсэж байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу