Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувгаас бөх сонирхогчдын хүртээл болгож буй үндэсний алтан цомын барилдааны дундуур “Бүх оддын барилдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү барилдаанд оролцох бөхчүүдийн санал асуулга дуусч, шилдэг 14 бөх тодорчээ. Тодруулбал, улсын аварга О.Хангай 17590 саналаар хол тасархай тэргүүлсэн бол улсын харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан нар эхний гуравт багтсан байна. Харин улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон нар айрагджээ.

Үүнээс гадна даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, заан М.Лхагвагэрэл, Б.Пүрэвсайхан, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат, Г.Ганхуяг, начин Э.Сумъяабат нар үзэгчдээс хамгийн олон санал авсан байна.

Шилдэг 14 бөхөд Ховд, Архангайгаас тус бүр дөрөв, Увс, Булганаас тус бүр хоёр, Өвөрхангай, Завханаас нэг бөх багтжээ. Уг барилдаанд зодоглож буй хамгийн өндөр эрэмбэтэй бөхчүүд болох даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар багаа ахална. Тэд багаа бүрдүүлэхдээ NBA-гийн драфтлах зарчмаар ээлжилж бөхчүүдээ сонгох юм байна.

“Бүх оддын барилдаан”-ыг энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үзэгчдээс хамгийн олон санал авсан дээрх 14 бөх “Бүх оддын барилдаан”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан, халз өрсөлдөх юм. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу