Жендэрийн үндэсний хороо, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг өнөөдрөөс (2024.03.01) албан ёсоор эхлүүллээ.

Арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар нээж НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн танилцуулав.

Үндэсний болон бүс нутгийн удирдлага, менежерүүд болон нөлөөлөгч гол байгууллагуудын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтдаа жендэрийн үзэл баримтлалыг үр дүнтэй уялдуулах, чадавхыг дээшлүүлэх зорилго бүхий уг төслийг 2024-2025 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд:

 Олон Улсын жендэрийн сургалтын модуль, гарын авлагаар салбар, орон нутгийн жендэр хариуцсан мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах бөгөөд үндэсний хэмжээнд нийт 30 шинжээчийг бэлтгэх юм.

Мөн жендэрийн шинжээчдийн бүлэг, жендэр хариуцсан мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ байгуулж, тасралтгүй хамтын ажиллагааг бий болгох зэрэг олон ажлууд төлөвлөгдөж байна.

Түүнчлэн төслийн үр дүнд:

1. Нотолгоонд суурилсан зөвлөмж, стратегийн удирдамж, техникийн мэдлэгийг үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор үндэсний Жендэрийн шинжээчдийн бүлгийг байгуулна.

2. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах санаачилга, үйл ажиллагааг үр дүнтэй сурталчлах, ухуулан нөлөөлөх, хяналт тавих холбогдох төрийн болон сонгогдсон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг сайжруулна.

3. Жендэр хариуцсан мэргэжилтнүүд дунд найдвартай мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх зорилгоор цахим болон цахим бус платформуудыг бий болгож, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

4. Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн газруудын жендэрийн статистик болон дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавх сайжрах юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу