Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Л.Даваанямын “Хээнцэр цэцэгс 5” уран зургийн үзэсгэлэн “Тара арт” галерейд хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн юм.

Үзэсгэлэнгийн танхимд бүсгүй хүний инээмсэглэл, гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдал ургасан байлаа.

Цэцэг гэх ертөнцийн сав шимээс дэлгэрсэн гайхамшигт зүйлийг бийрийн үзүүрээр ийнхүү амилуулан мөнхжүүлсэн энэхүү үзэсгэлэн Тара арт” галерейд энэ сарын 9-ний өдрийг хүртэл дэлгэгдэж буй.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн шагналт зураач Л.Давааням “Хээнцэр цэцэгс 5” үзэсгэлэнгээ “Монголынхоо бүх сарангоо охид, бүсгүйчүүд, ээжүүддээ зориулжээ.  Та бүхэн энэ танхимд орж ирээд, өөрсдийгөө харах болно” хэмээсэн юм. Үнэхээр л танхимд орвол хананд өлгөсөн олон хэлбэрт жааз бүхэнд бийрээр таталсан гоо үзэсгэлэн байсан юм.


Будгийнх нь таталбар, судал бүр нь яг л амьд цэцэг мэт. Үзэсгэлэнгийн танхим нам бүр цэлгэр бөгөөд ийм орчинд тухтайгаар гоо зүйн таашаал авах хэрэгцээ бидэнд дэндүү их байгаа биз ээ.


Зураач Л.Давааням 2009 оноос эхлэн цэцгийн сэдвээр дагнасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Яагаад зөвхөн цэцэг гэж. “Оюутан ахуй цагаасаа “цэцэг” гэх зүйлтэй ойрхон байлаа. Бүсгүй хүнд бэлэглэж болох чамин, нандин бэлгийн илэрхийлэл бол цэцэг. Цэцэг болгон өөрийн гэсэн тансаг үнэртэй, өөрийн гэсэн өнгө аястай зүйл юм. Хайр дурлал, зовлон гуниг, аз жаргал бүхий л зүйлийн илэрхийлэл гэж боддог юм. Бүсгүйчүүд маань энэхүү үзэсгэлэнгээс өөрсдийгөө л олж харна” хэмээн ярих зураач Л.Даваанямын ертөнц тэр чигтээ амар амгалан, гэрэл гэгээ дүүрэн байдаг гэлтэй.

Цонхны тавцан дээр саарал ваартай нэгэн цэцэг. Жижиг олон дэлбээтэй цэнхэр цэцэгс. Харин цонхны цаана бороо орж ямар нэгэн тансаг үнэр сэнгэнүүлэх ажээ. Цонхны шил даган урсах бороо аажимдаа цэцгийн дэлбээг хүртэл бүрэнхий өнгөнд уусгах мэт сүүмэлзсэн орон зай энд үзэгдэнэ.

Ганцхан жаазанд ийм орчин, бүр үүнээс ч илүү орчин мэдрэмж шингэснийг харахаар энэ танхим тус бүрдээ утга агуулга бүхий ертөнцүүдээр дүүрчээ. Хагацашгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг, урин цагийн эхлэлд дэлгэрсэн сакура, гэгээн хайрын гал улаан сарнай, бороотой үдшийн саранд чимээгүй найгах ганц нэгэн содон цэцэгс гээд энхрий дэлбээ, тансаг үнэр дүүрэн байлаа.

Чөлөөт уран бүтээлч, зураач Л.Давааням энэхүү бүтээлүүдийнхээ сэдэл санааг хаанаас авсан тухай асуултад “ Заавал цэцэг харж зурдаггүй. Сэтгэл доторх төсөөлөлд минь олон өнгө төрхтэй цэцэгс бий. Угтаа бол заавал цэцгийг цэцэг шиг ч зурах албагүй. Тансаг зүйлийн илэрхийлэл нь урлагт, уран бүтээлд яаж ч тусаж болох юм” хэмээн хариуллаа. Түүний усан будгаар урсгаж, уусгаж зурсан нэгэн бүтээлээс нээрэн л заавал нарийхан иштэй олон дэлбээ, ганц нэг навч зурах албагүй гэдгийг харж болно. Улмаар сэтгэлгээний орон зайд тухайн бүтээл хэрхэн бий болсноор л даавуун дээр будаг таталдаг байх.

Мөн тэрбээр монголынхоо тал нутаг, байгалийн сайхныг мөнхөлж үлдээх хүсэлтэйгээ хэллээ. “Ойрын хугацаанд Боржгины бор талыг зурах юм сан гэж л бодож явна” гээд танхимд байрлах бусад үзмэрийг танилцууллаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу