Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарынд зочилж, ярилцлаа. Тэд хотоос гарч, Төв аймгийн Алтанбулаг суманд суурьшжээ. 

-Хөдөө амьдарч байгаа гэж сонсоод, та хоёртой ярилцахаар шийдсэн юм. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. 

А.Анхбаяр: Цас хайлж, дулаарахаар хашаандаа олон ажил хийхээр төлөвлөсөн юм. Одоохондоо хоёр гэр, нэг жижиг байшингаас өөр зүйлгүй байна. Тийм болохоор хэвлэлийнхэн манайд ирье гэхэд нь цааргалаад л байлаа. Чамайг нутгийн дүү байна гээд ярихаар нь Чанцалаадаа хэлсэн юм.

-Төв аймгийн Алтанбулаг суманд хэзээ нүүж ирэв?

А.Анхбаяр: Бид хоёр 2012 оноос хойш Монголынхоо 300 гаруй сумаар 500 гаруй удаа аялан тоглолт хийж явсан. Баян-Өлгийн 13 сумаар орж үзээгүй. Бусад суманд очоод үзчихсэн.  2014 онд Төв аймгийн Алтанбулаг суманд тоглолтоор ирсэн юм. Тэгэхэд засмал зам тавигдаагүй байсан л даа. Бид голын эргээр, чулуутай замаар явж ирж байлаа. Хотоос ойрхон ийм сайхан газар байдаг юм байна гэж тухайн үед бодоод өнгөрсөн. Энэ нутаг их гоё байгальтай. Зуны дэлгэр цагт Хатантуул гол урсаж байна. Хойно нь ховор ан амьтад ихтэй, сүрлэг сайхан Хустайн нуруу байна. Монголын хоёрдугаар Их Богд төрсөн. Энэ сайхан суманд хувь заяагаар ч юм уу, тохиолдлоор ч юм уу ямар ч л байсан ирээд амьдарч байна. Бид хоёр хөдөө гарна гэж эртнээс ярьсан ч яг шийдэж чадахгүй байсан юм. Гэтэл манай хүн зоригтойгоор шийдсэн. Ингээд бид 2023 оны наймдугаар сард наашаа ирсэн юм. Намар, өвлийн хүйтнийг даваад, одоо урин хавартай золгож байна. 

Б.Чанцалдулам: Би төрсөн цагаасаа эхлээд л Улаанбаатарт байранд амьдарсан. Манай том хүү мөн төрснөөсөө хойш байранд байсан. Зун аяллаар явах үед хүү маань бие засаж ч чаддаггүй. Тийм болохоор хөдөө амьдарч чадахгүй байх гэж Анхаа бодсон юм шиг байна лээ. Олон жил ярьсан болохоор шийдээд, зориглоод л гараад ирсэн. Одоо үнэхээр сайхан амьдарч байна. 

-Залуу гэр бүлүүд хөдөө рүү шилжиж амьдрах талаар ярьдаг болжээ. Гэхдээ та хоёр шиг зориглоод гарч чадахгүй байх шиг. Дулаан байр, халуун ус байхгүй учир зутрах вий гэж эмээдэг байх. Сумын амьдралтай танилцаж яваа залуу гэр бүлийн хувьд та хоёроос сонсъё. Хотоос хөдөөд шилжиж амьдрах ямар байна вэ?

А.Анхбаяр: Би хөдөө амьдрах талаар их уриалдаг байсан л даа. Олны танил хүмүүс нийгэм рүү хандаад юм хэлэхээр улс төржиж байгаа мэтээр хүлээж авдаг юм билээ. Тиймээс зүгээр нэг хэлээд нэмэргүй байгаа учир үлгэрлэх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ үлгэрлэж байна гээд хөдөө гэр барьж, хэд хоноод зураг даруулангуутаа буцаад хотдоо байранд очоод хэвтчихэж болохгүй. Хүмүүс “Гал түлэхээс эхлээд хөдөө амьдрах хэцүү” гэж боддог. Тийм асуудлаа орчин үеийн аргаар шийдээд түгжрэл, утаанаас хол сайхан амьдарч болж байна. 

-Шалны халаалтаар шийджээ, тийм үү?

Б.Чанцалдулам: Тийм. Манайх энэ гэрээ зочны, унтлагын өрөө маягаар ашиглаж байна. Зүүн талд жижиг гэр барьчихсан. Тэр гэрийг одоохондоо агуулах болгосон. Зуны цагаар гал тогоо болгож, ашиглана. 

А.Анхбаяр: Түлээ мод, үнстэй зууралдахгүй амар байна. Урин цаг ирэхээр халаалтаа ч зогсоож, өрх, хаалгаа онгойлгоод, агаар үнэрлээд л байж байна даа.

-Агаар нь ёстой сайхан юм. Дулаан ч өдөр ирлээ, бид. 

Б.Чанцалдулам: Агаар нь их сайхан. Бид дөрөв анх ирэхдээ орой 21.00 цагт унтаад, өглөө 09.00 цагт сэрдэг байсан. Тэр хооронд нэг ч удаа сэрэхгүй, “нам”. Хүн дуудаад ч сэрдэггүй байлаа. Нэг сарын турш нойрны дутагдлаа арилгана гэдэг шиг л унтсан. Есдүгээр сард хичээл орж эхлээд л цагийн хуваарьт шилжсэн дээ.

А.Анхбаяр: Өмнө нь би Улаанбаатарт амьдардаг байхдаа гаднаас орж ирээд, удирдлагаа бариад, буйдан дээр хэвтэж, зурагтаа 1-64-р суваг хүртэл эргүүлээд л, сонирхолтой юм гарахгүй бол утсаа “ухдаг” байлаа. Угаас телевизээр сонирхолтой контент бага гардаг болсон. Ерөөсөө л утас, зурагт л гэдэг байлаа. Харин энд бол хийх ажил мундахгүй. Байнгын хөдөлгөөнтэй. Цэвэр агаарт хөдөлгөөнтэй байх чинь маш гоё байгаа юм. 

Б.Чанцалдулам: Хотод байгаа хүмүүсийн ихэнх цаг нь гэр-ажил-сургууль гэсэн маршрутад үрэгддэг. Тэр замд маш их цагаа үрж байгаа учраас ихэнх хүн бухимдалтай байдаг. Гэтэл энд бол хүүхдээ сургууль руу нь машинаар хүргэж өгөхөд 4 минут, хүүхэд өөрөө гүйгээд явахад 20 минут болж байгаа юм. 

-Том хүүд нь хөдөө байх ямар байгаа бол?

-Хүү минь нийгэмшиж байна. Хотод байрны доод талын дэлгүүр рүү ч ганцаараа орж чаддаггүй байсан. Энд бол өөрөө хичээлдээ яваад, ирчихэж байна. 

Б.Чанцалдулам: Хаврын урь орсноос хойш хүү маань орой хичээлээ тараад, найзуудтайгаа гадаа тоглодог болчихсон. Тоглож байгаад хүрээд ирнэ. Заримдаа нэлээд оройтно. Тэр үедээ хурдхан хичээлээ хийчхээд унтаж байгаа юм. 

А.Анхбаяр: Хотод бол санаа зовоод барагтаа л гадаа тоглуулахгүй шүү дээ. 

-Алтанбулаг сум хоттой гайгүй ойрхон юм байна. Та хоёр урлагийн хүмүүс болохоор хот руу олон орж байна уу?

А.Анхбаяр: Тийм. Би сүүлийн үед бараг өдөр бүр хот орж байна. Маргааш орой тоглолттой учир бид хоёр хоёулаа хот орно. Товлосон хугацаанаасаа 3-4 цагийн өмнө гарахад л оччихдог юм. Бусад үед нь сайхан цэвэр агаарт, стрессгүй сайхан байна. 

 

-Улаанбаатараас Ховд руу шилжин суурьшсан иргэнтэй ярилцаж байсан юм. Очсон залуусыг орон нутаг нь төдийлөн дэмжихгүй байгаа бололтой байсан. Газар өгөөгүй учраас айлын хашаанд гэрээ барьсан гэж байна лээ. Энд хэрхэж байна?

А.Анхбаяр: Бид хоёр газар авахад ямар ч асуудал байгаагүй. Тантай ярилцсан хүн түр оршин суугчаар очсон юм болов уу?

-Нээрээ, тийм гэсэн байх. 

А.Анхбаяр: Тэгвэл асуудал үүсэх нь аргагүй. Бид хоёр шилжилтээ хийлгээд, эндэхийн оршин суугч болчихсон. Тийм болохоор газар, хүүхдийн сургуульд ямар ч асуудал үүсээгүй. 

Ер нь хуулиа сайн судлах хэрэгтэй. Орон нутгийн дэмжлэг авах боломж их бий. Шилжиж ирсэн залуу хосыг хоёуланг нь ажилд авах ёстой гэдэг заалт ч хуульд байгаа. Хувиараа бизнес эрхлэх гэж байгаа бол түүнийг нь ч дэмжих ёстой. 

Б.Чанцалдулам: Жишээ нь эмэгтэйчүүд нь үсчин, гоо сайхан, маникюр хийж сураад, энд ирээд ажиллахад хангалттай орлого олно. Сумын бүсгүйчүүд ч гоёж, гангална шүү дээ. 

-Ирээд бараг хагас жил болсон гэж байна. Энэ хугацаанд “Хөдөө амьдарч чадахгүй юм байна. Хот руу буцъя” гэх бодол орж ирж байв уу?

А.Анхбаяр: Ер нь тэгж бодож байгаагүй. Зам дагаж хөгжинө гэдэг шиг засмал замтай, хоттой ойрхон газарт хүн аль болох урт хугацаанд сайхан амьдаръя, бүтээн байгуулалт хийе гэж боддог юм билээ. Илүү юу хийж, яаж амьдарвал гоё байна гэж бодох болсон. 

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөдөлгөөний хүрээнд мод тарихаар төлөвлөж байгаа.

-Сумандаа юу?

А.Анхбаяр: Манайх сумынхаа хамгийн арын айл. Манай хойд хэсэгт ямар ч айл байхгүй, сум орон нутгийн нөөцөд байдаг газар юм. Тэр хэсэгт хашаа өгөхгүй гэсэн үг. Тийм учраас орон нутагтайгаа, эсхүл төрийн бус байгууллагатай ч юм уу хамтраад тэр хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах урт хугацааны мөрөөдөл бий. Улаанбаатар хотоос хүмүүс зорьж ирж, хүүхдүүдтэйгээ амраад явах сайхан газар байгуулна. 

Залуустаа хандаж хэлэхэд хөдөөд маш их боломж байна. Бид хоёрт Улаанбаатарт бүх зүйл бий. Байр, машин, зах зээл гээд л. Гэхдээ хөдөөд амар тайван, жаргалтайгаар илүү ихийг хийгээд амьдарч болохоор байна. 

-Том газар авч, хашаа барьжээ. Хэдэн метр квадрат вэ?

А.Анхбаяр: 1000 метр квадрат. Энд их юм хийнэ ээ, бид хоёр.

-Юу?

А.Анхбаяр: Чанцалаа бид хоёр оюутан байхдаа анхны байраа дэвтэр дээрээ зурж байлаа. Ийм байртай болно шүү гээд. Дараа нь байрандаа орчихоод өнөөх зургаа хартал яг л тийм байранд орчихсон байсан. Үүнтэй адил энэ хашаандаа хийхээр төлөвлөсөн зүйлсээ дэвтэр дээр зурчихсан байгаа. Одоо түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд хичээнэ. Хашааныхаа баруун урд хэсгээр хүлэмж барьж, ногоо тарина. Хажууханд нь тахианы жижиг аж ахуй эрхэлнэ. Баруун хойд хэсэгт саун, бассейн хийх гэж байна. Хажууд нь мэдээж худагтай болох хэрэгтэй. Нөгөө хэсэгт нь найз нөхөд, хамаатан садан ирээд хөгжилдөхөд зориулж нэлээд том хэмжээтэй байр барихаар төлөвлөж байна. Дотор нь теннис, биллиард, караоке зэрэгтэй. Хойд талдаа жижиг шовгор байшин барина. Гэр маань бол хэвээрээ байна. 

Залуус маань манай гэр бүлээс үлгэр дуурайлал авч, хөдөө орон нутгийг зорьж, аж ахуй эрхлээсэй гэж хүсэж байна. Хүн 70 насална гэж бодъё. Түүнийхээ 15 насыг нь хүүхэд ахуйдаа өнгөрүүлчихнэ. Үлдсэн насаа түгжирч, уур бухимдалтай өнгөрүүлнэ гэдэг хайран шүү дээ. Хөдөөд жинхэнэ жаргал байна. Зайлшгүй хотод ажиллах шаардлагатай төрийн алба хаагч биш л бол хөдөө гараарай.

-Өөрсдөөрөө үлгэрлэн олон залуусыг хөдөө орон нутагт амьдрахыг уриалж байгаа нь их сайхан байна. Ийм ч учраас танайхыг зорьж ирсэн юм. Биднийг гэртээ халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Хашаандаа олон сайхан бүтээн байгуулалт хийснийх нь дараа эргээд уулзана гэж найдаж байна. 

-Баярлалаа.

Б.ХОНГОРЗУЛ

3 САНАЛ

  1. Маш зөв шүү хотод амьдрахад зүрхээ төлөөсөнд нь өгдөг гээ нэг эмч ярьж байсандаа хөдөө орж гараад нэг ч зүгээр суудаггүй ум билээ цагтаа гүн нойрсож амралт сайхан авдаг эрүүл болж эхэлдэг шүү амжилт би хотоос гараад тариалан эрхэлж байгаа 17 жил болчихжээ хотоос л хурдан гармаар санагддаг шүү

  2. Hugjiltei ornuudad хөл дээрээ боссон баян голдуу хүмүүс нь хотоос холхон house д амьдардаг шүү дээ. Тэрний жишгээр манайхан ч ийм болж байна даа . Их зөв шүү!!!! Эрт хөдөлсөн хүн хожно хөгжинө дөө . Ямар их том нутагтай билээ дээ. Амжилт хүсэе

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу