Албан тушаал байхад яаж ч авирлаж болдгийн жишээ энэ л дээ. Албан тушаалтай байхад ямар ч шударга ёс яаж гацаанд ордгийг үүнээс харж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шударга ёсны тэмцэл Л.Оюун-Эрдэнийн үед улам идэвхжсэн.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цөлмөсөн хүмүүс УИХ-д нэр дэвших квот авалгүй үлдэж байсан бол Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийн хэрэг шүүхээр орж, ял сонсож эхэлсэн. Гэхдээ Хөгжлийн банкны хэрэг чухамдаа шударга үнэн шүүгдсэн гэхэд итгэхэд бас хэцүү.

Хөгжлийн банкаар гараа угааж, халаасаа түнтийлгэсэн хүмүүс ялаас мултарч, араас нь хүүе, хаая гэх хүнгүй хэдэн хүн ял авсан нь үнэн. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 83 иргэн, хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж, нэгтгэсэн шүүх процесс Улаанбаатар чуулгад болсон байдаг.

Шүүх хурлаас гарсан шийдвэр иргэдийн хүлээлтэд хариулт өгч чадаагүй. Товчхондоо чадалтай нь сугарч, чадалгүй нь ял сонссон учраас тэр. Эхнээсээ бүх хүний хэргийг нэгтгэн шүүх хурал хийсэн нь жонхууруулах тактик байсан байж магадгүй юм.

Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар 2016-2021 оны хооронд Янгугийн Сод-Эрдэнэ гэж одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатарын төрсөн ах ажиллаж байсан.

Хөгжлийн банкны хулгай үнэхээр байсан бол хяналт шалгалт хийх ёстой. Хөгжлийн банкны Тамгын газрын захирлаар ажиллаж байсан хүн хэргээ тусгаарлуулаад мултарсан гэх хардлага одоо ч байна.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар, Я.Сод-Эрдэнийг цагаатгасан гэх мэдээлэл байгаа юм. Чанаргүй зээл, элдэв зүйлд хамгийн түрүүнд ороогдох ёстой хүн нь энхийн цагаан тагтаа болоод нисчихээр энэ хэргээс ял үүрэх хүн олдох уу гэдэг асуулт гарч ирсэн. Гэвч золионд хэдэн хүнийг нисгэхээс өөр зам байхгүй тул ял өгсөн байх гэх хардлага бий болов.

Я.Сод-Эрдэнийг анх “Бэрэн групп”, “Инжир” ХХК, “Баруун баян транс” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн АТГ-аас зарлаж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар мэдээлж байсан юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаараа ахыгаа хэргээс мулталдаг байдал цаашид үргэлжилсээр байвал энэ улсад шударга ёсны туг мандана гэдэг даанч эргэлзээтэй болж байгаа юм.

Я.Сод-Эрдэнэтэй хамт УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү, Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн хэргээс мултарч, уснаас хуурай гарсан. Үүнд аавынх нь нөлөө байсан гэж яригддаг.

Түүний хувьд 2016-2018 оны хооронд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон аавын буянаар албан тушаалын краныг тултал ашигласан байдаг.

Түүний албан тушаалын кран үүгээр зогсохгүй. 2020 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дэвшин ажиллаж, албан тушаалын ёндоогоо харуулсан.

Монгол Улсад шударга ёс ингэж л алагчилж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийн хүү Хас-Очир 2014 онд АНУ-ын Аризонагийн их сургуульд 130 мянган ам.доллар буюу 450 сая төгрөгийг Боловсролын зээлийн сангаар гаргуулан суралцсан байдаг.

Гэсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар жилийн өмнө шуугиж байлаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүс Боловсролын зээлийн сангийн мөнгөө эргүүлэн төлж байгаа ч С.Хас-Очир 130 мянган ам.доллараа эргүүлэн төлсөн гэх мэдээлэл байхгүй байна.

Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны хэргээс цагаадан үлдсэн нь олон хүнийг шударга ёс яг тогтож байгаа юу гэж эргэлзэхэд хүргэсэн юм. Шударга ёсны төлөө журмын нөхдөө ч золионд явуулахад бэлэн гэдгээ зарласан Л.Оюун-Эрдэнийн хувьд Я.Содбаатар томдож байгаа бололтой.

Я.Содбаатарын хувьд ЖДҮ-ийн гэх хэрэгт мөн л нэр холбогдон, эхнэрийнхээ “Эпато анарваан” ХХК-иар дамжуулан 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хэмээн шуугих үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас огцорч байсан юм.

“Хулгай” нь баригдангуут албан тушаалаа өгөөд үлддэг түүний хувьд ахыгаа Хөгжлийн банкны хэргээс мулталсны шанд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа өгөх ёстой юм биш үү.

Э.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу