Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилго 4 “Чанартай боловсрол”-д хүрэхийн тулд багшийн үүрэг оролцоо чухал болохыг онцолж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тодорхой үүрэг амлалт авч буй.

Монгол Улс боловсролын салбарын хүний нөөцтэй холбоотойгоор “Багш мэргэжлийг хувирган өөрчлөх”, энэ хүрээнд багшийн ил, далд хомсдолыг шийдвэрлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нэр хүнд, үнэлэмж, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр амалсан.

Үндэсний хэмжээнд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталж, хэд хэдэн чиглэлээр боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлж байгаагийн нэг нь “Багшийн хөгжил” юм. Энэ хүрээнд дараах өөрчлөлтийг хийж байгаа аж. Үүнд:

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн тогтолцооноос​ багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих тогтолцоонд,
  • Байгууллага санхүүжүүлдэг арга хэлбэрээс​ багшийн хөгжлийг санхүүжүүлдэг арга хэлбэрт,
  • Танхим төвт сургалтын арга хэлбэрээс​ цахим-танхим хосолсон сургалт, платформ суурьтай ажлын байран дахь сургалтад,
  • Батлагдсан нэг хөтөлбөрт сургалтаас​ сонголтот, багшийн хэрэгцээнд суурилсан агуулгад шилжих үйл явцыг хэрэгжүүлж эхэлжээ.

2023 онд СӨБ, ЕБС, МБСБ, Их, дээд сургууль, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагаанд нийт 44565 багш, ажилтан давхардсан тоогоор 102.300 сургалтад хамрагдсан байна. 2022-2023 оны хичээлийн жилд “Aplus” платформаар багш, удирдах ажилтнууд цахим сургалтад хамрагдаж, сургалтын үр дүнгээ цахимаар баталгаажуулжээ.

Үүний зэрэгцээ үндэсний хэмжээнд “Багшийн хөгжил” платформ (bagsh.edu.mn) хөгжүүлж эхэлсэн. Уг платформ хэрэглэгч шаардлагатай сургалт, зөвлөх үйлчилгээ захиалахад зориулагдсан бөгөөд бүх төрлийн ухаалаг гар утас, таблет дээрээс платформд хандах боломжтой, асуулгын, үнэлгээний, агуулга хөгжүүлэх систем бүхий бие даасан модультай байхаар боловсруулагдаж буй юм байна.

Хөгжлийн түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр МБТБ-ын багш төдийгүй үйлдвэрлэлийн сургагч нарыг сурган бэлтгэх, тухайлбал, “Оюу Толгой” ХХК-ийн санхүүжилтээр МБТБ-ын багш сургалтад хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар 820 багш тус төслийн хүрээнд “Австралийн дипломын 5 гэрчилгээ” авчээ.

Дээд боловсролын сургалтын байгууллагын профессор багшийн хөгжлийн бодлогыг шинэчлэн, багшлахуйн чадавхыг тасралтгүй хөгжүүлж, профессор багшид тавигдах шалгуур шаардлагыг дээшлүүлэх, багшийн ажлын гүйцэтгэлийг сургалт-судалгаа-инновац-нийгмийн үйлчилгээ- мэргэжлийн ур чадвар гэсэн цогц үр дүнгээр нь үнэлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.

Монгол Улсын боловсролын салбарын цахим шилжилтийн төлөвлөгөө 2023 онд батлагдсан. Цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, боловсон хүчний цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих “Багш платформ” хөгжүүлэх, нэвтрүүлэх, цахим сургалтыг үе шаттай зохион байгуулах, боловсролын салбарын мэдээллийн систем, их өгөгдөлд түшиглэн эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагч нарт зориулсан “Өгөгдлийн шинжилгээний лаборатори” байгуулах, боломжит өгөгдлийг нээлттэй болгох гэж заасан байна.

Багш, боловсролын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхийг чухалчилж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буй юм байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль зэрэг боловсролын сургалтын байгууллага болон  боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн болон насан туршийн суралцахуйн төв зэрэг боловсролын үндэсний байгууллагад  нийт 110589 хүн ажиллаж, зөвхөн төрийн өмчийн сургалтын байгууллагын 47629 багш нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 21,1 хувийг эзэлж байгаа аж.

Эдүгээ суралцагчдын суралцахуйг дэмжихэд боловсролын бусад мэргэжлийн оролцогчдын үүрэг, оролцоог чухалчилж байна. Суралцагчдын сайн сайхан байдлыг хангах, тэдний суралцахуйг дэмжих чиглэлээр боловсролын салбарт мэргэшсэн хоол зүйч, сэтгэл зүйчид ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын гурван сургууль тутмын нэг нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй болсны зэрэгцээ “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж буй юм байна. Эдгээр хүний нөөцийг чадавхжуулахад мэргэжлийн байгууллагын оролцоо улам бүр нэмэгдэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа аж.

Хүснэгт. Боловсролын болон боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид

Багш гэдэгт үндсэн багш, дотуур байрны багшийг;

  • Удирдах ажилтан гэдэгт захирал, дэд захирал, дарга, сургалтын менежер, эрхлэгч зэрэг албан тушаалыг;
  • Мэргэжилтэн гэдэгт арга зүйч, нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч зэргийг;
  • Боловсролын туслах ажилтанд номын санч, туслах багш, ээлжийн багш, сургалтын албаны туслах ажилтан, лаборант,… зэргийг ;
  • Бусад гэдэгт нягтлан бодогч, нярав, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, манаач, жижүүр гэх мэт байна. 

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу