Израилийн зэвсэгт хүчин хүмүүнлэгийн тусламж хүлээж байсан палестинчууд руу дахин гал нээсэн байна. WAFA мэдээллийн агентлаг эмнэлгийн эх сурвалжийн мэдээллээс иш татан, “Энэ үеэр хэдэн арван хүн амь үрэгдсэн” гэж мэдээлжээ.

Газын зурвас дахь Кувейтийн тойргийн ойролцоо, гурил ачсан ачааны машин хүлээж байсан хүмүүсийг онилсон халдлага энэ сарын 3-нд болсон гэж таамаглаж байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж.

Дээрх халдлага нь анхны тохиолдол биш юм. Хамгийн эмгэнэлт явдал хоёрдугаар сарын 29-нд болжээ. Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Газын баруун өмнөд хэсэгт хүмүүнлэгийн тусламж тараахыг хүлээж байсан олон иргэн Израилийн эвсэгт хүчний цохилтод өртөн, хохирогчдын тоо 117 болж, олон зуун хүн шархадсан байна. Израилийн нисдэг тэргүүд уулзвар дээр цуглараад байсан палестинчууд руу гал нээсэн гэсэн мэдээлэл байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас ХАМАС бүлэглэлийн дайчид Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хүмүүсийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын байдал эрс хурцадсан. Радикалууд энэхүү халдлагыг Израилийн эрх баригчдын Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг хийсэн үйлдлийн хариу гэж нэрлэсэн юм.

Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлаж, Ливан, Сирийн анклав болон зарим бүс нутгуудад хариу цохилт өгч эхэлснээс гадна баруун эрэгт ч мөргөлдөөн гарч буй билээ.

Эх сурвалж: WAFA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу