Улсын хэмжээнд гуравдугаар сарын эхний өдрийн байдлаар 3.089.420 толгой мал хорогджээ. Оны эхэнд тоологдсон малын 4.7 хувь нь хорогдсон байна. Сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хүнд өвлийг малчин түмэн маань туулж буй. Гэтэл зудыг далимдуулсан ченжүүдийн  хэнхэг үйлдэл малчдыг улам дордуулж байна. 

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв. Мөн 1524 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлж, 57260 өрхөд өвс, тэжээл хүргэх ажлыг Улсын Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна. 

Хэн хүнгүй л нэг нэгэндээ дэм болохыг хичээж буй энэ үед харин зарим сумдад боодол өвсний үнэ тэнгэрт хаджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Завхан аймгийн Асгат сумд нэг боодол өвс 30-35 мянгад хүрсэн аж. Таван шар, 22-ын товчоо орчимд 22 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй нэг боодол өвс нь тээврэлэлт, түлшний үнэ нэмэгдээд малчдын гарт ийнхүү хүрч байгааг эх сурвалжууд хэлж байна. Гэтэл Хэнтий аймгийн Гал шар сумд нэг хонио 40 мянган төгрөгөөр тооцон худалдаалж, үлдсэн цөөхөн малдаа өвс авч байх жишээтэй. Ийнхүү нэг боодол өвсний үнэ, нэг хоньтой адилхан болжээ.

Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа “Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа. Өмнөх ачилтад нэг хонийг 65 000 төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан. Харин өнөөдөр “Таван уул” хавийн малчдын 340 гаруй хонийг 40 000 төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчдад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ, тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм байна. Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа малчид маань” хэмээн бичжээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж Монголчууд ярьдаг. Хахирган хаврыг туулах гэж зүдэж буй хэдэн малчдынхаа халаасыг ченжүүд нь бүр мөсөн сэгсрэхээр шийджээ.

Мөн Дорноговь аймагт өвсний ченжүүд хавар үнэд орохыг хүлээж дарчхаад бараг зарахгүйтэй адилхан байнгаа тухай малчид хэлж байна. Тарга тэвээргэ авч чадахгүй хүнд цагт худалдаачид нь малчдынхаа хөлс хүчийг давхар шавхаж байгаа нь эмгэнэлтэй.

Нийслэлийн хэмжээд худалдаалж буй өвс, тэжээлийн үнэ ханшийн (2024.03.04) мэдээллийг хүргэж байна.

  • Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/
  • Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • Хивэг 25 кг-25.000 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • Хивэг 1 тонн – 1.000.000 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • Овъёос 40 кг-36.080 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • Овъёос 1 тонн – 900.200 төгрөг / НӨАТ-тай дүн/
  • 5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/
  • Орос хивэг 25 кг -29.000 төгрөг
  • Алтан тариа хивэг 25 кг- 27.000 төгрөг
  • Улаан буудай 40 кг- 40.000 төгрөг
  • Тэжээлийн будаа 40 кг – 35.000 төгрөг
  • Орос овъёос 40 кг – 45.000 -50.000 төгрөг
  • Монгол овъёос 40 кг – 38.000 -40.000 төгрөг
  • Шингүүртэй овъёос 35 кг -50.000 төгрөг
  • Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг
  • Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг
  • Шоколадан бор 40кг-65.000 төгрөг
  • Өвс-21.000 22.000 төгрөг
  • Ногоон тэжээл 16.000-20.000 төгрөг
  • Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/
  • Хивэг 25кг  -24.000 төгрөг
  • Тэжээлийн будаа 40 кг – 32.000 төгрөг
  • Цэвэр улаан буудай 40 кг-37.000 төгрөг
  • Монгол овъёос 40 кг-36.000 төгрөг
  • Орос овъёос 40 кг-40.000 төгрөг
  • Цагаан арвай 40 кг-30.000 төгрөг

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу