Зэвсэгт бүлэглэлүүд Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотын төв шорон руу дайран орж, олон хоригдлыг сулласан байна. Орон нутгийн сэтгүүлч “BBC News”-т мэдээлэхдээ “Хоригдож байсан 4000 орчим эрэгтэйн дийлэнх нь оргосон” гэж ярьжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд 2021 онд тус улсын Ерөнхийлөгч Жовенел Мойсыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй гэмт бүлэглэлийн гишүүд байсан аж.

Америк тивийн хамгийн ядуу улс гэгддэг Гаитид сүүлийн жилүүдэд хүчирхийлэл газар авчээ. Тус улсын Ерөнхий сайд Ариэль Хенриг огцруулах зорилготой бүлэглэлүүд Порт-о-Пренсийн 80 хувьд “хяналт”-аа тогтоосон байна.

Тус улсын Ерөнхий сайд, Кени улс тэргүүтэй үндэстэн дамнасан аюулгүй байдлын хүчнийг Гаити руу илгээх асуудлыг хэлэлцэхээр Найроби руу явсны дараа Пүрэв гаригт хүчирхийлэл улам гаарчээ.

Зэвсэгт бүлэглэлийн удирдагч, “Шарсан мах” хочит Жимми Шеризьеийг барьж шийтгэх асуудлаар тэдэнтэй хүч хавсрахаа зарласан байна. Цагдаагийн ажилтан асан нэгэн “Порт-о-Пренсед гарсан хэд хэдэн аллагад сэжиглэгдсэн, нийслэл болон орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хоорондоо нэгдэж, холбоо сүлбээтэй байна” гэж хэлжээ.

Буудалцааны улмаас дөрвөн цагдаа амиа алдаж, таван цагдаа шархадсан байна. Гаити дахь Францын Элчин сайдын яамнаас нийслэл болон түүний эргэн тойронд зорчихгүй байхыг зөвлөжээ.

Гаитийн цагдаагийн үйлдвэрчний эвлэлийнхэн цэргийнхнээс тусламж хүссэн ч Бямба гаригийн орой зэвсэгт этгээдүүд шорон руу дайрсан байна.

Шоронгийн хаалгууд өнгөрсөн Ням гарагт нээлттэй байсан бөгөөд хянагч нар огт харагдаагүй, харин оргон зугтахыг завдаж байсан гурван хоригдол хаалганы ойролцоогоос амиа алдсан байдалтай олдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Шоронгийн сайн дурын нэгэн ажилтан “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч Мойсыг хөнөөсөн хэргээр шоронд хоригдож байсан Колумбын цэргүүдтэй нийлээд 99 хоригдол галд өртөхөөс айж, өрөөндөө үлдсэн” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу