Монгол Улсын Ардын жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Энхбатын Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Итали улсад ажиллаж амьдарч буй бөгөөд энэ сарын 9-нд ДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглох юм. 

Тайлбар байхгүй.

-Таны хүүхэд насны гэгээн дурсамжаар ярилцлагаа эхлүүлье гэж бодож байна. Та хаана төрж, өссөн бэ?
-Би 1986 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Сумынхаа дунд сургуульд анх суралцаж байсан. Дараа нь Сүхбаатар аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд суралцаж, аравдугаар ангиа төгссөн. Түүний дараа СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө багшийнхаа удирдлага доор 2004-2009 оны хооронд суралцаж төгссөн. 2009-2016 он хүртэл ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.
-Хэр дүрсгүй хүүхэд байсан бэ? Дуулдаг байв уу?
-Хүүхэд байхдаа л дуулах дуртай, даруухан, ичимхий талдаа хүүхэд байсан. Хүний хажууд дуулдаггүй. Ганцаараа байхдаа дуулдаг хүүхэд байсан. Яагаад ч юм бэ, надад цаанаас өгсөн өгөгдөл л байх. Тийм хүн, ийм хүн болно гэж бодохгүй дуулж явсаар байгаад нэг мэдэхэд л энэ зам руу орчихсон байсан. 10 жилээ төгсөөд, мэргэжил сонгох, амьдралаа шийдэх цаг мөч ирэхэд өөрийнхөө хүсэл тэмүүллийг л дагасан. 
-Багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
-Эмч болно гэж боддог байсан. Манай аав, ээж ч гэсэн намайг эмч болгоно гэж их ярьдаг байсан. Сүүлдээ дуулж яваад, дийлдэхгүй болоод л энэ талаар ярихаа больсон.
Италиас ирээд аав, ээжтэйгээ уулзаж амжсан уу?
-Манай аав ээж хоёр одоогоор Сүхбаатар аймгийн Халзан сумандаа байдаг. Удахгүй аав, ээждээ очно. Уг нь эртхэн аав, ээждээ очих гэж байсан. Гэхдээ ДБЭТ-таа тоглоно гээд амалчихсан учраас театрынхаа уран бүтээлд оролцож өгөх ёстой. Үүнийгээ дуусгачихаад аав, ээждээ очиж золгоно.
-Монголдоо ирээгүй хэр их удсан бэ? 
-Нэг их удаагүй. Монголд өнгөрсөн намар ирчихээд сар орчим амраад явсан.   
-Урлагийн хүний гэр бүл байна гэдэг маш их тэвчээр, хариуцлага шүү дээ. Та гэргийнхээ тухай ярихгүй юу?
-Манай гэр бүлийн хүнийг Туяа гэдэг. Бас дуурийн дуучин мэргэжилтэй, сафрон хоолойтой. Одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Надад хань түшиг болоод, бид хоёр дэлхийгээр дуулаад, ажиллаад явж байна.
Их урлагт хөл тавиад, хамгийн анх гаргасан амжилтаасаа хуваалцахгүй вэ? 
-Мэргэжлийн уран бүтээлч болсныхоо дараа Монголд, мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохиогддог “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан болдог байлаа. Мөн Монгол Улсын ардын багш Ичинхорлоо багшийн нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдаан гэж болж байсан. Энэ хоёр уралдаанд анх орж, амжилт үзүүлж, хоёрдугаар байр эзэлж байсан. Үүндээ урамшиж, Буриад, Улаан-Үүд, Орос улс руу явж, уралдаанд оролцож эхэлсэн.
-Барууны орнуудад хүүхдийг багаас нь урлагийн тоглолт үзүүлж, урлагт бэлддэг. Монголд үзэгчдийг бэлтгэдэг соёл тогтсон болов уу? 
-Манайх нэг хэсэг дунд сургуулийн хүүхдүүдийг тоглолт үзүүлэх бодлого барьж байсан. Одоо ямар байгааг би сайн мэдэхгүй байна. Барууны орнуудад бага ангийн хүүхдээс эхлээд л сургууль сургуулиар нь авчирч, том том тоглолтын бэлтгэлийг үзүүлдэг. Үзэгчдийг багаас нь бэлдэж байгаа хэрэг шүү дээ. Манайхан ч бас тийм байх хэрэгтэй. Тэрийг үзэж байгаа нялх хүүхдүүд тухайн үед учрыг олохгүй байгаа ч гэсэн олон дахин давтамжтай үзээд ирэхээр би хүүхэд байхдаа энэ газар орж ирж энэ хөгжмийг сонсож байсан шүү дээ гэх ойлголт ухагдахуунтай болдог. Иймээс үүний дараа үзэгчид бэлтгэгдэж гарсан байдаг.
-Италид урлагийнхаа хажуугаар өөр ажил эрхэлж байгаа юу? Цаг зав хэр байдаг вэ?
-Бид урлагийнхаа хажуугаар өөр ажил эрхлэх ямар ч бололцоо байдаггүй. Аль болох амарч, ачааллаа багасгаж байх хэрэгтэй байдаг. Нэг зүйлдээ л анхаарч байж амжилт гарна шүү дээ.
-Дуучин хүн мэдээж хоолойгоо хайрлах хэрэгтэй. Таны хувьд энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ? Нууцаасаа хуваалцаач?
-Янз бүрийн юм хэрэглээд байдаггүй. Ерөнхийдөө ачааллаа хэтрүүлчихгүй, их ачаалал өгөхгүй бол хоолой ерөнхийдөө гайгүй байдаг. Түүнээс миний хувьд энэ сайн тэр сайн гэж янз бүрийн юм хэрэглээд байдаггүй юм.
-Яагаад заавал эх орондоо “Макбет” дуурийг сонгож тоглоё гэж бодсон юм бэ?
-Мэдээж дуурийн хувьд маш том дуурь, дүрийн хувьд ч гэсэн том дүр. Жүжигчин хүнээс, дуучин хүнээс жүжиглэлтийн дотоод сэтгэлийн хөдлөл, гадаад биеийн өгүүлэмж, дүр гаргалт тал дээр маш их зүйлийг шаарддаг. Дуулаачийн хувьд дуулах тал дээр ч гэсэн маш их хүч шаарддаг дуурь учраас Монголдоо нэгэнт ирж байгаа юм чинь чанартай өөрийгөө үзүүлсэн, харуулсан зүйлийг үзэгчдэдээ хүргэчихье гэсэн үүднээс сонгосон. Хоёрдугаарт, манай театр тус дуурийг тоглоод удаагүй байгаа учраас уран бүтээлчид маань нэлээн бэлэн байгаа байх гэсэн үүднээс аль аль талыг нь бодож сонгосон.
-Олон жилийн дараа Монголынхоо тайзнаа гарах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Мэдээж сэтгэгдэл өндөр байна. Дуурийн тайзнаа том дүрд тоглоогүй 6, 7 жил болчихсон байна. Театрынхаа тайзнаа гарах гэж байгаа маань сайхан байна. Уран бүтээлчид маань сэлбэгдэж, маш олон залуус орж ирсэн байна. Ийм сайхан авьяастай, эрчтэй, хүчтэй залуустай хамт тоглолт хийх гэж байгаадаа сэтгэл маш өндөр байна.
-Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байна вэ? 
-Бэлтгэл ажил явж л байна. Ирээд гурав хоног сургууль хийчихлээ. Өнөөдөр маргааш амраад Лхагва гарагаас эхлээд оркестр, найрал хөгжим, найрал дуучидтай хамтарсан цогц сургууль маань эхэлнэ.
-Үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Үзэгчдэдээ цаг заваа гаргаад, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ нэгэн үдэш театртаа ирээд, дэлхийн алдартай бүтээл болох “Макбет” дуурь, дуурийн театртай хамтарсан хоёр уран бүтээлийг минь үзэж, сонирхож, нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэхийг урьж байна.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу