Одоогоос 29 жилийн өмнө буюу 1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ.

Бээжингийн Тунхаглалд охидын эрхийг тунхагласан бөгөөд энэхүү тунхаглалын үр дүнд дэлхийн олон улсад охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгаа ч охидын эрх, хамгааллын олон асуудал тулгамдсан хэвээр байсаар байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс (ХГБХХГ), Монголын сайн дурынхны төв, “Good neighbors” Олон Улсын байгууллагуудтай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгуулав.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Охидын эрхийн анхдугаар чуулганыг “Because i am a girl” буюу “Би охин болохоор” гэсэн агуулгын хүрээнд олон улсын хүүхэд хамгаалал, охидын эрхийн хөдөлгөөнд нэгдэж, охид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарч буй аж.

Чуулганы эхний хэсэгт хүний эрх, хүүхэд хамгааллын оролцогч талууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл болох ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХГБХХГ, Баянзүрх дүүргийн Засаг Дарга Н.Баярмөнх хүрэлцэн ирж, төрийн бодлого шийдвэрт охидын асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэв.

Дүүргийн охидыг төлөөлөн Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ “Because i am a girl” буюу охидын ялгаатай байдал, нийгмийн хэвшмэл ойлголтын талаар илтгэл, “Охидын манлайлал”, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү “Миний хайртай би”, эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа “Хандлагын хүч”, зэрэг сэдвээр илтгэл танилцуулсан.

Чуулганы хоёрдугаар хэсэгт охидын өмнө тулгамдсан асуудал, шийдлүүдийг нээлтэй ярилцах, чуулганы төлөөлөгч охидод болон оролцогч талуудад охидын эрх, хамгаалал, оролцооны талаар анхаарах асуудалд чиглүүлж, загвар өмсөгч Б.Цэрэндолгор, эрх зүйч, мисс Б.Гүнзаяа, Өсвөрийн парламент хөтөлбөр-2023″-ын дэд дарга Э.Энхрийлэн, “Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн, МСДТ-ийн захирал Б.Цэвэлмаа нар панелистаар оролцож, өөрсдийн зохион байгуулан ажиллаж байгаа үйл ажиллагаа, туршлага арга зүй, үзэл бодол хуваалцав.

Баянүрх  дүүргийн хэмжээнд 0-18 насны нийт 160 мянга орчим хүүхэд буйгаас ерөнхий боловсролын сургуульд 91 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүний 45 мянга гаруй буюу 49.5% нь охид. 2023-2024 онд тус дүүргийн хүүхэд хамгааллын байранд 321 хүүхэд үйлчилгээ авсны 61 хувь нь охид байжээ.

Дүүргийн хэмжээнд охидод тулгамдсан асуудлуудаас онцолбол, 108, 102 утсуудад ирж байгаа дуудлагын 65 хувь охидын эрх, хамгаалалтай холбоотой асуудал байсан аж.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөрийн кабинетээс өгсөн мэдээллээр 19-өөс доош насны төрөлт 2022 онд 175, 2023 онд 174 байж. Үр хөндөлт хийлгэсэн охид 2022 онд 3 2023 онд 7, жирэмсэн, тэмбүү хавсарсан охидын тоо 2022 онд 8 байсан бол 2023 онд 11 бүртгэгджээ.

Чуулганаар эцэг эх, асран хамгаалагч нартайгаа харилцах харилцаа, үерхэл нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, хувийн орон зай, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээ, чөлөөт цаг, зорилго зэрэг хөгжлийн олон асуудлыг ярилцахын зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг мөн хэлэлцэв.

Тухайлбал, охидын цахим дээрэлхэлтэд өртөж байгаа байдал хөвгүүдээс хоёр дахин өндөр. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд нийт хохирогчдын 46.8 хувь нь 8-17 насны охид. Үүний 50 хувь нь нийслэл хотод үйлдэгдэж байгаа аж.

ЯХИС-ийн хийсэн судалгаагаар, өсвөр насны судалгаанд хамрагдсан охидын 51 хувь нь өөрийг нь хэн хамгаалах талаар муу мэдлэгтэй, эсвэл огт мэдлэггүй байдаг бол 11 хувь нь энэ талаар мэдлэгтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас 2022 онд хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багт сар бүр олгодог санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж, 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

“БИТГИЙ АЙГААРАЙ, БИТГИЙ ЗОВООРОЙ, НЭЭЛТТЭЙ БАЙГААРАЙ”

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Сүүлийн үед хүүхдийн 108-д ирж байгаа дуудлагын дийлэнхийг охидын дуудлага  эзэлж байна. Асрамжийн газарт, түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь охид байна. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, охидын эрхийг хамгаалах, эрхээ мэддэг байх, эрх нь зөрчигдвөл хэнд хандах зэрэг мэдээ мэдээлэлтэй байхад туслах зорилгоор охидын эрх хамгаалах өдрийг дүүргүүдээр, нийслэл Улаанбаатар хотын хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим дээрэлхэлтэд охид мөн түлхүү өртөж байна. Ийм тохиолдолд өөрөө өөрийгөө яаж хамгаалах, сэтгэл зүй болон бусад төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ хэрхэн авах вэ гэдэг мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Би л ганцаараа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөөд байна гэж бодоод, тусламж авахгүй үлдэх нь бий. Ийм тохиолдолд битгий айгаарай, битгий зовоорой, нээлттэй байгаарай гэж хэлмээр байна.

“ОХИДЫН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭХ, ЯРИЛЦАХ МАШ ОЛОН
ТУЛГАМДСАН АСУУДАЛ БАЙНА”

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.ҮҮРЦАЙХ:

-Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад Баянзүрх дүүргийн 500 охин хамтдаа өөрсдийнхөө эрхийг хамгаалах зорилгоор “Охидын эрхийн чуулган”-ыг зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн баярыг ёслолын байдалтай, цэцэгт мэндчилгээтэй өнгөрүүлдэг. Гэвч жинхэнэ утгаараа бол эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дуу хоолойгоо өргөж, бодлого боловсруулагчдад хүргэж байгаа нь илүү утга учиртай арга хэмжээ юм.

Охид өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Хандлагын хүч, сэтгэл зүйн эрүүл мэнд, охидын хөгжил хамгааллыг дэмжихтэй холбоотой олон асуудлаар мэдээлэл авлаа. Хүүхдийн тусламжийн утас 108-д ирж байгаа дуудлагын 65 хувь нь охидтой холбоотой асуудал байна. Мөн манай хэлтэст сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүүхдүүдийн 80 хувь нь охид байна. Үүнээс харахад охидын эрхтэй холбоотой хэлэлцэх, ярилцах маш олон тулгамдсан асуудал байгаа нь харагдаж байна.

Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, охидын эрхээс эхэлнэ. Охидын эрхийг шийдвэрлэхгүйгээр хүний эрхийн асуудлыг ярих боломжгүй. Цаашлаад хүүхдийн эрх, тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар ч ярих боломжгүй болно. Энэ алхмууд охидын эрхийг хамгаалахаас эхлэлтэй. Төрийн байгууллагын хувьд хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхээс гадна охид өөрөө эрхээ мэддэг байх, эрхээ хамгаалах мэдлэг ойлголттой байх нь хамгийн чухал гэж үзэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу