Уг нь ч цаг наашилж л байна. Гэхдээ мал, малчин хоёрын зоо тэнийх болоогүй байна. Хавсарга шуургатай хаврын гурван сар бүхэлдээ чилийж байхад зудын гамшиг холдлоо гэж бодох эрт байна. Ногоо амстал мал, малчин аль аль нь чилийтэл зүтгэх нь. Монголын ард түмэн ч халуун гараа сунгаж чадахаараа л тусламжийн цуваа хүргүүлж байна.

Ирэх зургаадугаар сард сонгууль болно. Мал, малчинтай зэрэгцэн улс төрийн зуд орон нутагт нүүрлэж эхлэв. Нэр дэвших эрхээ авахаар шинэхэн горилогчид болон УИХ-ын гишүүд ч бензин шатахуунаа шатааж орон нутаг руу зүтгэж байна. Нэг хэсэг нь Засгийн газрын нэрээр нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээр аль аль нь байхгүй хүмүүс нутгийн зөвлөлөөр дамжуулан танигдах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж, үгээ барж суунаа.

Аймаг аймаг алгасан давхиж, сум багийн хотонд хүрч ажиллаж байгаа нь сайн гэж бодох ч хоёр гуравхан боодол тэжээл хүргэж өгөхийн тулд 20 гаруй хүн бөөн зардал чирэгдэл болон явж байх юм. Сонгууль болдгоороо болно. Малчид саналаа өгдгөөрөө өгнө. Зудын хүнд бэрх цагт толгой өндийх завгүй зүтгэж яваа тэдэнд улс төрчдийг таниад, саналаа өгнөө гэх амлалт өгөх хүн гарахгүй. Ер нь бол зуданд нохой зоолдог бол сонгуулийн жилийн зуданд улс төрчид л зоолж таарна. Тиймээс 1000 малаа цагийн бэрхэд тавиад туучихсан малчныд ороод зовлонг нь хугасхан сонсож, өөрийнхөө сурталчилгааг хийж явахаасаа огт цэрвэхээ байчихаж, манай улс төрчид.

Амьдрал залгуулах таван малаа барчихсан байхад нь тавлаж байгаа мэт улс төр ярьж, ирэх сонгуульд дэмжээрэй гэж гуйж байхдаа манайхан юу боддог бол. Одоо бол юу ч боддоггүй. Юу ч бодолгүй сонгуулийн сурталчилгаа хийх нь л нэн тэргүүний зорилго болчихсон байна л даа. Ядаж наад малчидтай хамт гунигла л даа. Тэдний зовлонгоос хуваалц л даа.

Ичих нүүрээ элгэндээ наасан улстөрчид эрвийх дэврийхээрээ малчны хотонд бууж байна. Монголд зөвхөн малчид санал өгдөггүй гэдгийг тэд эрх биш мэдэх ёстой.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу