Жил болгон зохион байгуулагддаг  технологийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг Mobile World Congress (MWC) өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд  компаниуд өөрсдийн шинэ инновац, бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд танилцуулагдсан шинэ технологиудаас Lenovo компанийн тунгалаг дэлгэцтэй ThinkBook Transparent Display зөөврийн компьютерыг онцолж байна.

Гол давуу тал нь 17.3 инчийн хүрээгүй, тунгалаг Micro LED дэлгэц юм. Micro LED дэлгэц нь 55 хувийн тунгалаг, өндөр өнгөний ханалт, 1000 нитийн тод гэрэлтэй байна. Мөн механик бус бүрэн мэдрэгчтэй гарыг оруулж иржээ. Үнэндээ энэ нь гар гэхээсээ илүү бүрэн мэдрэгчтэй хавтан юм. Тухайн хавтанг гар шиг ашиглахаас гадна зургийн таблет шиг ашиглах боломжтой. Тодруулбал, хэрэглэгч холдож явах эсвэл тусгай зүүг хавтан руу ойртуулах үед гарын товчлуурууд нь алга болж зургийн таблет шиг ашиглан зураг зурах боломжийг олгоно. Одоогийн байдлаар процессор, график, санах ой зэрэг техник үзүүлэлтийг танилцуулаагүй байгаа юм.

Танд зөөврийн компьютерын ард хэсгийг харж ажиллаа хийх нь хэр санагдах бол, ашигтай байх болов уу? эсвэл анхаарал тань сарних болов уу? Нөгөөтээгүүр ширээн дээрээ ямар нэг хаалт тавихгүй бол таны хийж байгаа зүйлийг бусад хүмүүс харах болно. Мөн бид гарын товчлууруудыг хуруугаараа мэдэрч бичиж сурсан байдаг. Ингэснээр илүү хурдан бичих боломжтой болдог. Иймээс бүрэн мэдрэгчтэй гар ашиглаж бичих нь эхэндээ тухгүй, хэцүү байх нь мэдээж юм.
Шинжлэх ухаан, уран зөгнөлт кино дээр л харж байсан технологиуд бодит амьдралд биеллээ олоод эхэлжээ. Улмаар бид өөрсдийн үзэж байсан тэр кинонууддаа амьдарч эхэлж байна.
Mobile World Congress (MWC) нь дараа жил гуравдугаар сарын гурванаас зургааны
хооронд болно.
Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу