Энэ жилийн хувьд нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, нөхцөл байдал хүндрээд буй. Нийслэлийн удирдлага шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч хэвийн хэмжээнээс давсан их мөс шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Уулын цас хайлж, халиа тошин үүссэний улмаас шар усны үер энэ жил хавьгүй их хохирол дагуулж ч мэдэхээр байгаа юм. Энэ талаар үерийн эрсдэл хамгийн өндөр байршил болох Сүхбаатар дүүргийн 18, 20-р хорооны нутаг дэвсгэрээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Модон хашаануудыг сүлжиж явсаар Гүнжийн булаг орчимд дөхөж очвол овоолсон их мөс биднийг угтлаа. Халиа гүйж, нэмэгдсэн голын урсацыг чөлөөлөх зорилгоор тус дүүргийн ажлын алба ийнхүү мөс ухаж, далан босгосон байна. Ойролцоогоор 3 км үргэлжлэх мөсөн далан оршин суугчдын хашаатай хаяа залгажээ. Хавар хайлаад яаж тэвдүүлэх бол хэмээн халагламаар…

Зарим айлын хашаа хашаа гэж мэдэгдэхээргүй болтлоо мөсөнд дарагдаж, амбаарын дээвэр, шонгийн мод зэрэг л цухуйж байх аж. Явган хүний жижиг гүүр доогуур зуны цагт мэдэгдэхтэй үгүйтэй урсдаг энэ гол өмнө нь өвлийн цагт ердийн л халиа үүсгэж тогтдог байжээ.

Гэтэл сүүлийн жилүүдээс улам нэмэгдэж, аюулын харанга дэлдэх болжээ. Мөсний түвшин нь гүүртэй ижил болж, хамрах хүрээ нь ч тэлсээр байгаа аж. Урсацыг чөлөөлж ухаад, хоёр талаар нь босгосон мөсөн далан иргэдийг түгшүүрт автуулаад буй юм.
.
“МӨСӨН ДАЛАН ИРГЭДИЙГ ГУДАМЖ ТАЛБАЙГААР ЯВАХ БОЛОМЖГҮЙ
БОЛГОЖ БАЙНА”

18-р хорооны иргэн Э.Мөнхцэцэг “Энэ мөсөн далангийн дараагийн үр дагавар их аюултай. Өмнө нь урсаад алга болдог байсан мөсийг овоолоод орхичихоор хүүхэд, хөгшид гэлтгүй бидэнд ч маш хүндрэлтэй байна. Дулаан ороод хайлахын цагт бүр ч илүү аюул учруулна. Гудамж, талбай алхах газаргүй их ус л болно. Түүн дээр нь нэмээд шар усны үер ороод ирвэл хэчнээн ч айл эд хөрөнгөөрөө хохирохыг мэдэхгүй байна. Овоолсон мөсөө ачиж, өөр газар буулгаач ээ гэж холбогдох хүмүүст нь хэлсэн ч хайлаад, хөрсөндөө шингэнэ ээ гэж хариулсан. Энэ их цас, мөсний хажуугаар тийм хурдан хайлж алга болохгүй. Шавар, шавхай гэж тамтаггүй их юм болно” хэмээн ярилаа.

Үнэхээр зүлэгжилт муутай гэр хорооллын гудамж, талбайгаар хаврын улиралд уулын булаг шиг л ус урсаж байдгийг бид мэднэ.

Бидний очсон байршилд хөл хөдөлгөөн их ажээ. Сурагчдын хувьд өдөр бүр сургууль руугаа явдаг гудамж нь тэр аяараа ус шавхай болчихвол байдал хүндрэх нь мэдээж. Түүнийг дагаад айлуудын жорлонгийн бохир хайлж холилдоод, хүн ойртохын аргагүй болох нь тодорхой юм.

“Манай найзын гэр тал хүртэлээ мөсөнд автаад, хорооноос өөр тийш нь нүүлгэсэн. Одоо манайхыг бас нүүгээрэй гэсэн” хэмээн 6, 7-р ангийн болов уу гэмээр хүү ярьсан юм. Тэд хичээлдээ явахад хавар гэлтгүй одоо ч шавар шалбааг ихтэй байгааг хэлж байлаа.

“ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ОЛГОЛТЫН УЛМААС ИРГЭД ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ
ХОХИРЧ БАЙНА”

18-р хорооны Олон нийтийн зохицуулагч Ж.Ганбаатараас мөс ухаж, далан босгох ажил хэдэн хувьтай байгаа талаар тодруулахад “Одоогоор ухсаар л байна. Өчигдрөөс эхлэн цаг агаар харьцангуй дулаарч байгаа учраас халиа гүйж, ус урсах нь нэмэгдсэн. Айлын хашаа руу урсаж эхлээд байна. Сүүлийн хэд хоногт ухсан ч маргааш нь дүүрчихээд байгаа юм” гэлээ.

Мөн тэрбээр ойр хавийн айлууд усны сав газарт хэтэрхий ойртож буусан нь эрсдэлд ихээр нөлөөлж байгааг хэлсэн юм. Дүүргийн газрын албанаас айлуудад үерийн аюултай газраас нүүх шаардлага, зөвлөмжийг хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан хүргүүлжээ.

Ж.Ганбаатар “Олон жил замбараагүй газар олгосны хар гайгаар өнөөдөр олон айл усанд автахдаа тулаад байна. Одоо бүгд авраач, туслаач гэж байна. Анхнаасаа голын ай савд зөвшөөрөл өгдөг нь буруу. Нэгэнт байшин сууцаа барьчихсан айлууд хэцүү шүү дээ, нүүж суухад. Газар зохион байгуулалтын маш буруу шийдвэрүүд өнөөдрийн эрсдэлийг үүсгэсэн” хэмээн ярилаа.

“ХАЛИА ТОШИН ОРЧНЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ”

 

Нийслэлийн зуслангийн бүсэд 53,505 нэгж талбар хамаардаг. Эдгээр бүсийн 60 хувьд тогтмол халиа тошин үүсэж, эрсдэл үүсдэг байна. Байгаль орчны талаас нь авч үзвэл, Монгол орон шиг хуурай уур амьсгалтай, чийг дутмаг нутагт халиа үүсэх нь таатай нөхцөл бий болгодог байна.

 

Халианы доорх хөрс чийгээр ханаж, бусад газруудтай харьцуулахад зуны цагт ургамал сайн ургаж, цаг агаарын харьцангуй чийглэг нөхцөл бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Ингэснээр агаар дахь тоос, тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулдаг сайн талтай.

Гэтэл газрыг замбараагүй олгосноос үүдэж ердийн хэмжээгээр үүсдэг байсан халиа тошин ийнхүү аюулын хэмжээнд хүрээд байна.

“МӨСӨН ДАЛАН ХАВАР ЭРГЭЭД ХӨРСӨНДӨӨ ШИНГЭНЭ”

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Засаг дарга С.Нэргүй “Манай хорооны хувьд уулын бүс, жалга суваг ихтэй нутаг дэвсгэрийг хамардаг. Одоогоор 180 орчим айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа судалгаа бий. Энэ жилийн хувьд халиа тошингийн хэмжээ харьцангуй их байлаа. Дүүргийн удирдлага анхааруулга, зөвлөмж өгч, байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Голын ай сав, мөс ихээр гарсан хэсэгт суваг гаргаж урсгах ажил одоогоор 90 хувьтай байна. Мөс ухаад гарсан мөсөөр нь далан босгож байгаа нь эргээд хөрсөндөө шингэх давуу талтай. Онцгой байдлын мэргэжилтнүүдийн зөвлөсөн зөвлөгөөний дагуу ийнхүү далан босгосон. Шар усны үер голын гольдрилоор урсаж дууссаны дараа мөсөн далан хайлах учраас иргэдэд учрах хүндрэл харьцангуй бага гэж тооцоолсон” гэлээ. 

Овоолсон мөсөн даланг даван ядан нэгэн настан алхаж явахтай таарлаа. Тэрбээр өөрийгөө “18-р хорооны иргэн, 72 настай Б.Борхүү” гэж танилцуулаад, “Нааш цаашаа ойр зууртаа алхаж байхгүй бол бие өвдөөд байдаг юм. Гэтэл одоо алхах ч газаргүй болж байх шиг байна. Энэ өвлийн хувьд маш их халиа гүйлээ. Түүнийг нь ухаад, хажууд нь овоолоод байгаа нь харин зөв юм болов уу даа, хүү минь.

Хэдхэн жилийн өмнө иймэрхүү мөс хавартаа хайлаад л алга болдог байлаа. Одоо хажуу хаяанд нь хэтэрхий олон айл буучихаар урсгал нь боогдоод, ингэж тошин үүсээд байгаа бололтой. Голоос арай зайтай буулгаж болоогүй юм байхдаа л гэж бодож байна. Хавар хайлахдаа энэ их мөс чинь туйлдуулна шүү дээ. Маш аюултай” хэмээн яриад, цааш алхлаа.

Даланг сэтэлсэн жижиг хэсгээр гарч, гэрийнхээ зүг явах гэж буй түүнийг түшиж алхсаар замд нь орууллаа. Тэрбээр “Барагтай бол явахааргүй их халтиргаатай болж дээ, бага балчир хүүхдүүд яаж явна даа” хэмээн халагласаар цааш одов.

Шар усны үерийн аюулаас хэн хэнгүй л сэргийлж, аль чадахаараа ажиллаж байна. Айлын хашаанаас өндөр мөсөн далан, гудамж талбайгаар урссан шар ус, амбаар, гэр давсан их мөс гээд бүгд угтаа газрыг замбараагүй олгосны гай болж таарлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 25 мянга гаруй айл өрх зуслангийн бүсэд амьдардаг. Уг нь бид нийслэл хотынхоо хаяаг тэлж, хүн амын нягтралыг багасгах учиртай. Ойрын хугацаанд үүнийгээ ажил хэрэг болгож, голын ай савд буусан айлуудын асуудлыг шийдэхгүй бол байгалийн жамаараа халих учиртай мөс ч иргэдийн аж амьдралд гай тарьж мэдэх нь. 

Өнөөдрийн байдлаар шар усны үерийн эрсдэл ихээр нэмэгдсэн байршлуудад дүүрэг, хороодын удирдлагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласаар байна. Гэвч халиа тошингийн ай савд хэтэрхий ойртож буусан айл олон байгаа нь байдлыг хүндрүүлсээр буй юм.

Голын ай сав, зуслангийн бүсийн газрыг эмх замбараагүй олгосны “гор”-ыг ард иргэд амссаар өдий хүрлээ. Хариуцах эзэн, зохицуулах арга олохгүй бол жил болгон үерлэж, өвөл болгон мөс цас ухдаг уламжлал тогтохын зэрэгцээ иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирохгүй гэх баталгаа үнэндээ алга. 

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу