Үндэсний сэтгүүл зүйн 111 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй зарим асуудал болон мэргэжлийн сэтгүүлч болоход цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга П.Хашчулуунтай ярилцлаа. 

-Таны хувьд анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв? Сэтгүүл зүйн салбарт ажиллаад хэчнээн жил болж байна вэ?

-Анх МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөнөөс хойш 20 гаруй жил энэ салбарт ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй түлхүү хөгжих болсон. Үүний давуу тал болон сул талын талаар та юу хэлэх вэ? 

-Ер нь аль ч салбар хөгжихгүй, царцсан байна гээд л байгаа юм. Гэхдээ амьдрал ямар нэгэн байдлаар урагшилж, хөгжиж л байдаг шүү дээ. Яг үүнтэй адил Монголын сэтгүүл зүй хөгжиж байна. Ялангуяа нийгмийн сүлжээ бий болж, технологийн дэвшилтэй холбоотойгоор сэтгүүл зүй огт өөр түвшинд гарч, үйл ажиллагаа нь ч өөрчлөгдсөн. Түүнийг хүлээж авч буй уншигчид, нийгмийн сэтгэл зүй ч өөрчлөгдсөн. Энэ бүхэнд тохируулаад, сэтгүүл зүйн үйл ажиллагааг огт өөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Үүнийг сайн, муугаар дүгнэж цэгнэх янз бүрийн хандлагууд нийгэмд байгаа боловч Монголын сэтгүүл зүй харьцангуй шат дараалсан хөгжлийн түвшиндээ ажиллаад, үүргээ гүйцэтгээд явж байгаа л гэж үзэж байна.

-Уламжлалт хэвлэл, цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёрын ялгааг та хэрхэн тайлбарлах вэ?

-Хариуцлагын тухай асуудал л яригдах байх. Нийгмийн сүлжээ, сошиал орчин, сайт, платформууд хэвлэл мэдээлэлд ашиглагдаагүй байх үед “сэтгүүлч хөлөөрөө явж ажил хийнэ” гэдэг зарчим үйлчилдэг байлаа шүү дээ. Энэ юу вэ гэхээр гараараа барьж, нүдээрээ үзэж, үйл явдал дунд байж тэрийгээ харж, бичиж, баримтжуулдаг, илүү бодитой хариуцлагыг тухайн үед нэхдэг байсан. Тэр үед хариуцлагатай сэтгүүл зүй явагдаж байсан байна.

Одоо энэ сошиал орчинд заавал тэгэх шаардлагагүйгээр ямар нэг нийтлэл бичье гэхэд google ч юм уу, хаанаас ч дата авч ашиглаж болж байна шүү дээ. Мэдээллийн эх сурвалжийг утас, компьютерээсээ олоод авчихаж байна. Заавал эх сурвалж дээр очиж, нүүр нүүрээ харж байгаад мэдээллийг олж авах бус байдлаар ашиглаж байгаа нь нөгөө л хөгжилтэй холбоотой зүйл шүү дээ. Үүнийг дагаад сэтгүүлчдийн хариуцлагын асуудал харьцангуй сул байгаад байгаа юм.

Яагаад вэ гэвэл, хоёр дүр хоорондоо уулзаж, яг ийм юм боллоо шүү гэж ярилгүйгээр, нийгмийн сүлжээн дэх дэд бүтцүүд болох утсаар ярих, компьютерээр холбогдох зэрэг маань зарим нэг байдлаар хийсвэр, баримт нь сул байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний үгээр, жиргээ, постоор мэдээ материал бэлдэж байгаа зэрэг хариуцлагын асуудлаараа газар, тэнгэр шиг ялгаатай болж байна.

-Нийгмийн сүлжээнээс ялгарахын тулд цахим сэтгүүл зүй ямар байх ёстой вэ?

-Редакцыг л их сайжруулах ёстой. Редакц гэдэг зүйлийг эргээд бид харах цаг болчихсон. Нийгмийн сүлжээн дэх хүмүүсийн үзэл бодлыг сэтгүүл зүй гэж ойлгоод байна. Тэр хүн үзэл бодлоо баримтжуулаагүй, үйл явдал дээр очоогүй, хэн нэгнээс сонссон байж болно. Харин редакц байна гэдэг ялангуяа мэргэжлийн редакц байна гэдэг бол огт өөр сэтгүүл зүйн үйл ажиллагаа. Өнөөдөр нийгмийн сэдэв зуд байна. Зудын талаар хүмүүс нийгмийн сүлжээнд өөр өөр өнцгөөс бичээд л байна шүү дээ. Тэрийг хүмүүсийн цөөнгүй хэсэг нь сэтгүүл зүй гэж үзээд байгаа хандлага байж магадгүй.

Мэргэжлийн редакц бол газар дээр нь очно, олон талын эх сурвалжуудаас яриа авна. Өглөөний хурал дээр нэг сэдэв хэлэхэд тэрийг яаж баримтжуулж, олон эх сурвалжтай сэтгүүл зүйн бүтээл болгох вэ гэдэг нь яах ч аргагүй редакцын хийдэг ажил. Нэг хүн хийдэг ажил биш байхгүй юу. Тэгэхээр сэтгүүл зүйн ялгарах шинж бол мэргэжлийн редакц ажиллаж байна уу, мэргэжлийн редакцад ажиллаж байгаа сэтгүүлч үү, үгүй юу гэдгээрээ өнөөдөр ялгарах ёстой.

Нэг хүн нэг юм ярих, хоёр хүн суугаад нэг сэдэв ярих, нэг сэдвийг тавуулаа суугаад ярих, нэг сэдэв дээр бүхэл бүтэн редакц суугаад ярих гэдэг тэс өөр юм гарч ирэхийг хэлж байгаа юм. Тухайлбал, нэг сэтгүүлч малчидтай холбоотой, зудын талаар ярилаа гэж бодоход түүн дээр редактор ажиллах ёстой. Яг малчдад тулгарч байгаа асуудал юу байна вэ, энийг энэ өнцгөөс нь ингэж хөндье гээд.

Цас л яриад байдаг, Гэтэл малчдад хамгийн их тулгарч байгаа зүйл нь зээл биш байж болно. Нэгдүгээрт, хүн хүчний асуудал байж болно. Хоёр хүн 500 малтай тартагтаа тулж байж болно. Зээл бас тулгамдсан асуудал биш байж болно. Өвс тэжээл зээлээр өгөөч ээ гэсэн гол асуудал байж болно. Магадгүй өнөөдөр нийгэмд яригдаад байгаа малчдын зээлийг хөнгөлөх тухай асуудал байна. Энэ сэдэв малчдын хувьд тав, зургадугаар асуудал байж болно шүү дээ.

Ер нь Монголын уламжлалт малчид хүнээс авсан бол өгнө шүү гэдэг л сэтгэхүй, философитой ард түмэн. Ялангуяа хөдөөд энэ зайлшгүй байгаа. Яг үүнтэй ижил малчин хүн зээл авсан бол зайлшгүй өгөх ёстой гэсэн бодолтой л байгаа. Гэтэл дундуур нь зудад байгаа малчдын тулгамдсан асуудал малчдын зээл байна гээд яваад байдаг.

Харин мэргэжлийн редакц бол малчдын тулгамдсан асуудал хүн бүл, өвс тэжээл байж магадгүй шүү гэдэг асуудлыг хөндөж, олон талаас нь ярьж, олон эх сурвалжийн мэдээллийг бүрдүүлж байж нийгэмд үнэн, бодитой мэдээлэл хүргэх ёстой. Энэ утгаараа редакцын үнэ цэнийг энэ цаг үед маш өндрөөр авч үзэх ёстой л гэж хэлээд байгаа юм.

-Өнөөгийн сэтгүүл зүй гол зарчим, үүргээ биелүүлж чадаж байна уу? Ер нь сэтгүүл зүйн зарчим, үүрэг нь юу юм бэ?

-Тодорхой шүү дээ. Сэтгүүл зүйг сайн, муу янз бүрээр л хэлж байна. Тэгвэл Монголын нийгэм долоо хоног ямар ч телевиз үзэхгүй, ямар ч сайт ажиллахгүй, сонин гарахгүйгээр байя л даа. Эдгээр зүйл байхгүйгээр долоо хоног байхаар нийгмийн сэтгэл зүй яах вэ. Төсөөлөөд л үз. Зарим хүн галзуурч магадгүй. Яг үүнтэй адилхан өнцгөөр бодит байдлаар харвал Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид үүргээ гүйцэтгээд л явж байгаа шүү дээ. Мэдээж энэ дотор сайн, муу бүх юм бий. 

Тайлбар байхгүй.

-Цаашдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа залуу сэтгүүлчид юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Бид залуу үеэсээ илүү суралцаж байна. Техник технологи ашиглах чадвар, нийгмийн сэтгэл зүйгээ мэдрэх байдал, залуу үеэс харах анзаарах юм ихтэй болчихсон сэтгүүл зүй шүү дээ. Тийм цаг үе байж болно. Нөгөө талаасаа залуу үе дээд үеэсээ бүр их асууж, нягтлах цаг үе ирчихсэн юм байна лээ. Яагаад гэвэл, мэдлэг боловсрол, техник технологийн дэвшил, шинэ үе гээд л ярьж байна. Тэртэй тэргүй нийгмийн тухайн цаг үеийн амьдралыг туулсан үеийнхэн гарцаа байхгүй авч явдаг.

Одоо залуу үе гээд л байна. Бид дэлхий рүү өнгийгөөд харах ёстой шүү дээ. Би улс төр талдаа бичдэг сэтгүүлчдийн нэг. Дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа нийгэм, улс төр хүндийн төвийг тодорхойлж авч яваа хүмүүс, дэлхийн удирдагч нарын уулзалтад 30, 40 настай залуу улс төрч, эдийн засагчид оччихсон, дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа харагдаж байна уу, үгүй л байгаа биз дээ.

Ингэхээр гарцаа байхгүй амьдрал туулж, туршлага хуримтлуулсан хүмүүс бүх цаг үеийн нийгмийг авч явдаг учраас хүссэн хүсээгүй залуус дээд үеийнхэнтэйгээ илүү ойр байж, асууж, хамтарч явах үе. Яг энэ нь Монголын сэтгүүл зүй дээр бас адилхан баримтлагдах, яригдах зарчим. Түүнээс “Та нарын үе дууссан. Бидний үе” гэдэг яриа нэг талдаа хийрхэл л болж харагдаж байгаа юм. Хамтраад л явах хэрэгтэй. 

-Сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө хэр хангалттай байна гэж та бодож байна вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө Монголд байлгүй яах вэ. Байж байгаа болоод л нийгэмд өдөр, цаг тутамд шинэ сэдвүүд гарч, шуугиж, амьдрал буцалж байгаа шүү дээ. Нөгөө талдаа сэтгүүлз үй, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах тухай бодлого ямар ч цаг үед байсан байх. Хүний эрхийг хамгийн их дээдэлдэг Америкийн нийгэмд, барууны орнуудад ч тэр ямар нэгэн байдлаар хэвлэлийн эрх чөлөөнд болгоомжтой хандах, хязгаарлах, чөлөөт хэвлэл рүү өнгөлзөх өнгөлзлөг бүх л цаг үед байсан. Сэтгүүлчдийн хийж чадах ажил юу вэ гэвэл ийм зүйл мөнхөд байгаа шүү, цаашид ч байна шүү гэдгийг л мэдэрч, болгоомжлох хэрэгтэй. 

-Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ хандаж юу хэлмээр байна вэ?

-Хүмүүс хамгийн сайн сэтгүүлч гээд л тийм ойлголттой яваад байдаг юм. Би сэтгүүлчдэдээ нэг л зүйлийг хэлмээр байна. Хамгийн сайн сэтгүүлч гэж хамгийн сайн эх сурвалжтай хүнийг л хэлдэг юм шүү дээ. Шударга үнэний талд байх юмсан гэсэн олон сайн эх сурвалжтай, түүнийхээ найдвартай түнш нь байж, итгэлийг нь алдахгүй байгаа сэтгүүлчийг л хамгийн сайн сэтгүүлч гэж үзэх ёстой байгаа юм.

Ямар ч бодитой эх сурвалжгүйгээр, энэ нийгмийн сүлжээнд сонссон сургаараа сэтгүүл зүй хийх гэж үзээд, хийгээд л яваад байвал энд сайны тухай ойлголт яригдахгүй. Тэгэхээр сэтгүүлчдэд хэлэхэд эхлээд итгэл найдвартай эх сурвалжтай болж, түүнийгээ мэргэжлийн түвшинд ашигладаг байгаарай. Тэгвэл та нар Монголын нийгэмд сэтгүүлчийн үүргээ нэр төртэй, чанартай сайн биелүүлж чадна. Сайн сайхан нь эргээд хүрээд л ирдэг юм гэдгийг 20 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажилласан хүнийхээ хувьд хэлмээр байна. 

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу