Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Агаарын сансрын хүчний алсын тусгалын нисэх хүчний командлагч Сергей Кобылаш, Оросын Хар тэнгисийн флотын командлагч Виктор Соколов нарыг баривчлах тушаал гаргажээ.

ОУЦХ-ны шүүгч Томоко Акане, Розарио Айтала нар Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудыг баривчлах дээрх тушаалыг гаргажээ. Тэд өмнө нь буюу 2023 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова нарыгукраин хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт буруутгаж, баривчлах тушаал гаргаж байв.

Кобылаш, Соколов нарыг 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9-ний хооронд цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа ажээ. Тодруулбал, ОУХТ-ийн тайланд Кобылаш, Соколов нарыг дээрх хугацаанд Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж, пуужингийн цохилт өгсөн байж магадгүй гэж дурджээ.

Шүүхийн хэвлэлийн мэдэгдэлд мөн “Энэ үеэр Оросын цэргийн хүчин олон тооны цахилгаан станц, дэд станцуудад халдлага үйлдсэн” гэж дурдсан байна. ОУЦХК “Оросын зэвсэгт хүчин энгийн иргэдийг санаатайгаар онилсон” гэж дүгнэжээ. Мөн түүнд “Украин дахь цэргийн гэж ангилж болох объектуудад цохилт өгсөн нь энгийн иргэдэд илүү их хохирол учруулж, тус улсын Зэвсэгт хүчний байлдааны чадварыг сулруулсан” гэж тэмдэглэсэн байна.

Оросууд өнгөрсөн өвөл Украины цахилгаан станцуудыг онилж, цохилт өгсний улмаас цахилгаан, халуун ус тасарч, иргэд халаалтгүй болсон.

Орос улс эрчим хүчний дэд бүтцийг хууль ёсны бай гэж нэрлэж, стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг ашиглан тогтмол цохилт өгч, Украин хариу үйлдэл үзүүлэх бараг боломжгүйд хүрчээ.

Киев өмнө нь Виктор Соколов, Сергей Кобылаш нарыг энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу