Цасан шуурганы улмаас төөрч, гар, хөлөө хөлдөөсөн малчныг “Хүмүүнлэг залуу” медалиар шагнажээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын залуу малчин Ю.Тамир малаа бэлчээхээр гарчээ. Түүнийг гэр рүүгээ буцах үед хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Улмаар залуу баримжаагаа алдаж төөрчээ. Тэрбээр мориноосоо буун явган алхаж, харганы ёроолд очиж хэвтсэн байна.Тэр ойролцоогоор 24 цаг орчим гадаа байсны улмаас гар, хөл нь хөлдсөн талаар ярив. 

Тухайн малчны гэрт Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар очжээ. Тэд Ю.Тамирт “Хүмүүнлэг залуу” хэмээх медаль гардуулсан байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улаан загалмайн нийгэмлэгээс Ю.Тамирыг хүмүүнлэгийн үйлсэд залуучуудаа манлайлж, үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Хүмүүнлэг залуу” алтан медалиар шагнаж байна. Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гэсэн гарын үсэгтэй шагнал гардуулъя” хэмээн хэлжээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу