Монгол Улсад хуулиар тогтоосон тэмдэглэлт өдөр ес бий. Тус баярын өдрүүдийг дарааллаар нь дараахь байдлаар жагсааж болно. Үүнд: 

1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /Даваа гараг/

2.Цагаан сар-Хоёрдугаар сарын 10, 11, 12-нд /Бямба, Ням, Даваа/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /Баасан гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 23 /Пүрэв гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /Бямба гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 2 /Бямба гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /Мягмар гараг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /Ням гараг/

Баяр ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлдэг эдгээр баяр бүгд өөрийн утга учиртайг бүгд мэддэг. Монголчуудын түгээмэл нэгэн зан бол тэр баярын өдөр л сайхан баярлаад авахад болно. Бусад өдөр нь яамай гэдэг. Утга учир яах гэж байдаг юм бол. Тэр тэмдэглэлт өдөр нийгэмд ямар нэгэн зорилготой л байж таармаар юм. 

Эдгээр өдрүүдээс бид юуг авах вэ. Маргааш Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Охид, бүсгүйчүүддээ гоёмсог цэцгийн баглаа бэлэглэж, амар тайван, аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрөөдөг. Ажлын газрын, сургуулийн, ангийн, гэр бүлийн гээд бүх л эмэгтэйчүүдийг чадлаараа баярлуулдаг ганц өдөр.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.

Харин өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэн, Ээжүүдийн өдөр болон Гэгээн Валентины өдөр зэрэг баяртай төстэйгөөр тэмдэглэдэг болжээ. Монгол улсад ч мөн уг баяр нь ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон байдаг. Бидний амрах өдрийг нэгээр нэмж, цэцгийн дэлгүүр, уушийн газруудын орлогыг нэг өдөрт огцом нэмдэг өдөр болж тогтоод олон оныг элээжээ.

“Эрхийг хамгаалах” тухай харин хэн ярив. Цөөн хэдэн төрийн бус байгууллага, нэгдлүүд энд тэнд уриалга гаргаж, цуглаан хийж дуу хоолойгоо сонсгохыг хичээдэг. Харин нийгэмд тэр аяар нь чангахан дуугарах хоолой одоогоор алга. Жилийн турш, амьдралынхаа турш эрхээ хамгаалуулж аз жаргалтай амьдрахыг илүүд үздэг хандлага хэзээ, яаж тогтохыг одоо хэн хэлж өгөх болж байна вэ. Эмэгтэйчүүд өөрсдөө нийгмийнхээ хандлага, аж байдлыг мэддэг хэр нь баярлаж гунхах нь илүү санагддаг тул энэ өдрийг иймээр нь үлдээхийг илүүд үздэг гэхэд хилсдэхгүй. 

Ажил хөдөлмөр эрхлэлтэд эрэгтэйчүүд өдөрт дунджаар 5.5 цагийг зарцуулдаг бол эмэгтэйчүүд 6.2 цагийг зарцуулдаг гэх тоо баримт бий. Энэ мэтчилэн хамгийн наад захын жишээнд эмэгтэйчүүдийн эрх хангалттай түвшинд хамгаалагдаагүй байна. Цаашид ч энэ өдрийг баяр болгон тэмдэглэсээр байвал бидний хойч үе эрхийнхээ төлөө дугарч болох ганц өдөр биш баярлаад л өнгөрдөг олон өдрүүдийн нэг гэж андуурдаг болчих вий.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу