2024 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3836.2 сая ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 394.5 сая ам.доллар буюу 11.5 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 644.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Экспортод 2240.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2041.8 сая ам.доллар буюу 91.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 83.5 сая ам.доллар буюу 3.7 хувь; амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 28.4 сая ам. доллар буюу 1.3  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.1 хувийг эзэлж байна.

2024 оны эхний хоёр сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувийг Турк-д, самнасан ноолуурын 82.1 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрх нэрийн бараа экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзэлжээ.

Монгол Улс дэлхийн 50 оронд бараа экспортлосноос БНХАУ-д  93.2 хувь, Швейцар-т 3.7 хувь, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож нийт экспортын  97.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 1595.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 397.7 сая ам.доллараар буюу 33.2 хувиар өсчээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.6 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.5 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байгаа аж.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 302.7 сая ам.доллар буюу 19.0 хувь, эрдэс бүтээгдэхүүн 414.0 сая ам.доллар буюу 25.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 366.6 сая ам.доллар буюу 88.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 170.6 сая ам.доллар буюу 24.8 хувь.

Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 371.1 сая ам.доллар буюу 23.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 90.8 сая ам.доллар буюу 5.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 85.0  сая ам. доллар буюу 5.3  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.6 хувь ногдож буй юм байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 9.5 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд, БНХАУ-д 52.0 хувь,  БНСУ-д 13.6 хувь, Турк-д 9.8 хувь,  Япон-д 9.7 хувь, АНУ-д 6.8 хувь тус тус ногджээ.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 73.4 хувь, ХБНГУ-д 6.7 хувь, Япон-д 5.4 хувь ногдож байгаа аж.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 4.6 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал  үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 84.1 хувь,  Энэтхэг-т 8.2 хувь, БНСУ-д 6.2 хувь, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож буй юм байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 63.6 хувийг БНХАУ-аас, 19.4 хувийг ОХУ-аас, 8.8 хувийг Энэтхэгээс тус тус олгожээ.

Нийт 19.9 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн байна. Барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 97.7 хувь, БНХАУ-д 1.8 хувь тус тус ногдож буй аж.

Монгол Улс дэлхийн 119 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.3 хувь;  ОХУ-д 28.4 хувь;  Япон-д 12.4 хувь; БНСУ-д 3.8 хувь;  АНУ-д 2.9 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.8 хувийг эзэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу