Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Ирэх сараас ахмадын тэтгэвэр нэмнэ гэхчилэн сонгууль угтсан лоозогнол улс төрчдийн амны уншлага болж, төрөөс дэмжлэг харж сурсан хүмүүс алгаа хавсарч сууна. Хэрэв энэ жил сонгууль болохгүй байсан бол цалин, тэтгэвэр аль аль нь нэмэгдэхгүй байсан гээд бод доо. Тэгэхээр сонгууль яалт ч үгүй улс төрчдийг ганц хөдөлгөдөг мотор нь болж таарч байгаа юм.

Тэгээд яах юм бэ, улам дордоно. Инфляц өснө энэ тэр гэж худлаа яриад яах вэ. Сайн мэдэх ч үгүй, гадарлаж магадгүй. Сонгуульдах яах вэ.

Хамгийн гол нь орон нутагт УИХ-ын гишүүд нь Засаг даргаас нь эхлээд томилгоо хийнэ, арай л Тамгын газрын үйлчлэгчийг томилохгүй. Бараг томилж байгаа, тэд. Томилгооноос цаашлаад аймаг орон нутгийнхаа тендерээс эхлээд мөнгөтэй хутгалдаж болох зүйлсэд гар дүрнэ. УИХ-ын гишүүний оролцоогүй томилогдсон Засаг дарга гэж аль ч аймаг, дүүрэгт байхгүй. Хэн нь хэний хүн бэ гэдэг жагсаалт гаргахад ч бэлэн байна.

Тэнд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн оролцоогүй нэг ч зүйл байдаггүй. Эрх биш эхнэр нөхөр дундаа учраа олдог байх. Засаг дарга бол “Утсан хүүхэлдэй” гэдгийг бүгдээрээ мэднэ. Гишүүний үгээр явахгүй бол гишгүүлнэ. Дараагийн шат гэж байхгүй, дараагийн дарга томилогдоно. Ийм л нэг зарчим аль ч дүүрэг, аймагт бий болсон. Гишүүний өөдөөс сөрвөл ажилгүйн дээр шоронгийн хаалга татаж мэднэ.

Тойргоос сонгогдсон гишүүн дагаагүй, жинхэнэ чадвартай залуус хаана байна, энэ тойргоос гадна байгаа. Магадгүй хилийн чанадад байгаа. Тэднийг тухайн хүрээлэлдээ оруулах ч үгүй. Хэрэв оруулдаг байсан бол Монгол Улс хөгжлөөрөө Азид тэргүүлэх байлаа.

Тиймээс төрийн албаны цалинг нэмнэ гэдэг чинь төрд ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоог нэмнэ гэсэн үг. Энэ чинь орон нутагт ажиллах алба хаагчийн биш, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг л өсгөж байна шүү дээ. Өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлж, өндөр цалинтай төрийн албанд төрөл садан, найз нөхдөө л тэд тавьдаг юм байгаа биз дээ. Тиймээс хүрээг нь тэлж, хүслийг нь улам бүр хязгааргүй болгох л нэгээхэн зүйл.

Тэгэхээр тогтолцоог өөрчилж, хууль энэ тэрээ харахгүй бол худлаа. Тухайлбал, Дорноговь аймагт Борхүүгийн Дэлгэрсайхан гэдэг хүний л томилгоо байдаг. Ёстой л цэвэрлэгчээсээ эхлээд Б.Дэлгэрсайханаас виз авдаг гэх явган яриа бий.  

Хэнээс нуух юм бэ. Тэгээд тэр хүний төлөө саналаа өгнө. Бүлэг, багаараа өгнө. Ахан дүүс, амраг саднаараа өгнө. Бизнесийг нь дэмжиж, орон сууцыг нь худалдаж авна. Түүнийгээ манай гишүүн барьсан “хөгжил” гэж ярина.

Байшин барилга барьж, шавар тоосго өрөх нь хөгжил биш. Тэгээд ч та тэр нөхрийн бизнесийг дэмжиж байгаа болохоос биш өөрийнхөө амьдралд нэг ч гэрэл гэгээ тусгасан хэрэг биш. Хөгжил гэдэг нь товчхондоо бидний гэр бүлийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаагаар л хэмжигдэнэ.

Шал дэмий авлигын босгыг өндөрсгөж, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийн хүрээг орон нутагт тэлсэн л зүйл байна. Хэзээ ч тойргийн сэтгэхүйнээс салахгүй юм байна. Бид улам л арчаагүй болно. Тийм болохоор л гишүүд сүүлчийн сумаа тавьж, УИХ-ын гишүүн болох уртхан марафонд ухаан жолоогүй гүйж явна.

С.УУГАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу