Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 1-ний өдрөөс 8-ны өдрийг дуустал эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Энэ талаар АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан, дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ нар мэдээллээ.

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НУРУУНДАА ҮҮРЧ БУЙ АЧАА МАШ ХҮНД БАЙНА”

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:

-Бид Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан нам болон АЭХ-оос гуравдугаар сарын 1-ээс 8-ны өдрийг дуустал эмэгтэйчүүдийн долоо хоног цуврал арга хэмжээнүүд зохион байгуулаад байна.

Бид Монголын нийгэм, эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлыг нь сонсож, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой саналуудыг тусгах, эрх баригчдын сонорт эдгээр асуудлуудын талаар мэдээлэл хүргэхээр долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Монголын нийгмийн амьдрал маш хүнд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруундаа үүрч буй ачаа маш хүнд байна. Бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбар, сэтгэл зүйн салбаруудад эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд ажиллаж, маш их ачааллыг үүрч ирсэн.

Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналт зэрэг нь эмэгтэйчүүдэд маш хүндээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд цас, зудтай хүнд өвөл болж байна. Энэ нь малчин өрх, эмэгтэйчүүдэд хүндхэн нөхцөл байдал бий болголоо. Тийм ч учраас Ардчилсан намаас “Амь нэгтэй монголчууд” малчдад туслах аян зохион байгууллаа.

Нийгэмд тулгамдсан олон асуудалд эрх баригчдын анхаарлыг хандуулах, олон нийтийн санаа бодлогын нэгтгэх зорилготойгоор бидний цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, цас зудын нөлөөлөл гарна, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах хандлагатай байна.

Биднийг сонгуулийн дараа эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүх асуудал дээр бид бодлого, шийдлээ уралдуулж, цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, орлогыг дэмжих бодлогууд хаана байна вэ гэж одоогийн эрх баригчдаас асуумаар байна.

Бид эмэгтэйчүүдийн долоо хоногийн арга хэмжээгээрээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг голлон хөндөж байна. Учир нь өнөөдөр эмэгтэйчүүдэд эдийн засгийн эрх чөлөө байхгүй байна. Цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учир энэ цаг үед шийдвэр гаргалтад нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байна.

Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулах хөрөнгө, санхүү хүндээр тусдаг тул улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санг АЭХ-ноос байгуулан ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Бид иргэд, олон нийтээсээ их бага, хэмжээгээр хандив цуглуулан, эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилт тавин ажиллаж байна.

Аудитын газраас хоёрдугаар сарын 29-нд сонгуулийн зардлын дээд хэмжээг баталсан. Нэр дэвшигч нэг тойрогт дунджаар нэг тэрбум төгрөгөөс дээш зардал гаргахаар байгаа нь эмэгтэй нэр дэвшигчдэд маш хүндээр тусна.

Улс төрийн санхүүжилтийг цэвэр байлгах зорилгоор АЭХ-ноос “Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан” байгуулсан. Их, бага хэмжээгээр хандив цуглуулж эмэгтэй нэр дэвшигч нараа дэмжих зорилготой” хэмээн ярилаа.

“ХОЁР ЭМЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ ТОГТМОЛ ОРЛОГОГҮЙ БАЙНА”

Ардчилсан намын дэд дарга Х.НОМИНГЭРЭЛ:

-Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хүрээнд “Залгаарай сонсъё” аян зохион байгуулагдаж, АЭХ-ны удирдлагын баг тодорхой хуваарийн дагуу тусгай дугаараар нийт эмэгтэйчүүд, монголчуудад тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, цаашлаад төрийн бодлогод тусгах саналуудыг улс орны өнцөг булан бүрээс илэрхийлж байна. Бид бүхэн эдгээр саналуудыг багцлан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.

Бид эмэгтэйчүүдийнхээ “Хаврын чуулган”-ыг зохион байгууллаа. Уг чуулганд АЭХ-ны бүтцийн байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөлөл 1000 гаруй эмэгтэй оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэдэг зүйлийг тал талаас нь хэлэлцлээ.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх гэдэг бол нийгмийн оролцоо, эдийн засгийн оролцоо, бие дааж амьдралдаа шийдвэр гаргах эрх мэдлийн суурь эрх бөгөөд эдийн засгийн өмчтэй, орлоготой байх нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг манай намын үзэл баримтлал бий. Эдийн засгийн эрх мэдлийг цаашдаа намын хөтөлбөрт тусгайлан тусгуулахаар байна.

Аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй байх гээд, эд бүгд эмэгтэйчүүдэд нэн хүндээр тусдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь маш ялгаатай болсон. Хоёр эмэгтэй тутмын нэг нь баталгаатай ажлын байран дээр байхад нэг нь тогтвортой орлоготой биш байна.

Тогтвортой ажлын байртай, тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж, хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна. Нийгмийн оролцоо, бие даан ажиллаж амьдрах оролцоо, улс төрийн оролцоо нь хязгаарлагдаж эхэлдэг.

“ГУРАВДУГААР САРЫН 8-НД 14.00 ЦАГТ ТАЙВАН ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА”

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.ОЮУН-ЭРДЭНЭ:

АЭХ-ноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цуврал арга хэмжээнүүд зохион байгуулж байна. “Залгаарай сонсъё”, хаврын чуулган, салбар хуралдаанууд гээд маш олон ажил зохион байгуулагдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар олон нийтэд, төр засгийн сонорт хүргэх зорилгоор ажиллаж байна.

Мөн түүнчлэн гуравдугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагаас 16:00 цагийн хооронд нийгэмд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар тайван цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд нийслэл, дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага гээд нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирж, нээлттэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье!

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу