Хүчтэй цасан шуурга үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, авран хамгаалах ажиллагааг гүйцэтгэж буй. Энэ хүрээнд өнгөрсөн хоёр өдөрт төөрсөн, сураггүй алга болсон 27 хүнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь нэг хүний цогцсыг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Одоо хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тодруулбал, Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс аймагт 2, өчигдөр буюу 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт 6 (үүнээс 1 хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтай зорчиж яваад төөрч сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амь насыг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой 3 автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Хүчтэй салхи, шуурганы улмаас Увс аймагт 1, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу