Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг БНСУ-д “Монголд үйлдвэрлэв 2024” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах үеэрээ Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнгийн хамтаар тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгийн захирал Хо Жүн, Захиргааны дарга Чой Жон Гил, Нийгмийн ажлын багийн ахлагч Хван Се Хи нартай албан уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан хоёр настайдаа хүнд түлэгдсэн Б.Үүрийнгэгээ охины эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан байна.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-ын Түлэнхийн сан болон Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй бага насны хоёр хүүхдийг эмчилгээнд хамруулах боломжийн талаар ярилцаж, үр дүнд хүрчээ.

Иймд Жижиг, дунд үйлдвэрийн газраас дээрх шаардлагыг хангасан бага насны хүүхдийн судалгааг хийж байгаа тул 91919226 дугаартай утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг анхааруулав.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу