Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт (2024.03.04-2024.03.10) нийтлэгдсэн онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.


А.Анхбаяр, Б.Чанцалдулам: Цэвэр агаар, амар амгалан. Жинхэнэ жаргал энд л байна

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарынд зочилж, ярилцлаа. Тэд хотоос гарч, Төв аймгийн Алтанбулаг суманд суурьшжээ. 

-Хөдөө амьдарч байгаа гэж сонсоод, та хоёртой ярилцахаар шийдсэн юм. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. 

А.Анхбаяр: Цас хайлж, дулаарахаар хашаандаа олон ажил хийхээр төлөвлөсөн юм. Одоохондоо хоёр гэр, нэг жижиг байшингаас өөр зүйлгүй байна. Тийм болохоор хэвлэлийнхэн манайд ирье гэхэд нь цааргалаад л байлаа. Чамайг нутгийн дүү байна гээд ярихаар нь Чанцалаадаа хэлсэн юм.

-Төв аймгийн Алтанбулаг суманд хэзээ нүүж ирэв?

А.Анхбаяр: Бид хоёр 2012 оноос хойш Монголынхоо 300 гаруй сумаар 500 гаруй удаа аялан тоглолт хийж явсан. Баян-Өлгийн 13 сумаар орж үзээгүй. Бусад суманд очоод үзчихсэн.  2014 онд Төв аймгийн Алтанбулаг суманд тоглолтоор ирсэн юм. Тэгэхэд засмал зам тавигдаагүй байсан л даа. Бид голын эргээр, чулуутай замаар явж ирж байлаа. Хотоос ойрхон ийм сайхан газар байдаг юм байна гэж тухайн үед бодоод өнгөрсөн. Энэ нутаг их гоё байгальтай. Зуны дэлгэр цагт Хатантуул гол урсаж байна. Хойно нь ховор ан амьтад ихтэй, сүрлэг сайхан Хустайн нуруу байна. Монголын хоёрдугаар Их Богд төрсөн. Энэ сайхан суманд хувь заяагаар ч юм уу, тохиолдлоор ч юм уу ямар ч л байсан ирээд амьдарч байна. Бид хоёр хөдөө гарна гэж эртнээс ярьсан ч яг шийдэж чадахгүй байсан юм. Гэтэл манай хүн зоригтойгоор шийдсэн. Ингээд бид 2023 оны наймдугаар сард наашаа ирсэн юм. Намар, өвлийн хүйтнийг даваад, одоо урин хавартай золгож байна. 

Б.Чанцалдулам: Би төрсөн цагаасаа эхлээд л Улаанбаатарт байранд амьдарсан. Манай том хүү мөн төрснөөсөө хойш байранд байсан. Зун аяллаар явах үед хүү маань бие засаж ч чаддаггүй. Тийм болохоор хөдөө амьдарч чадахгүй байх гэж Анхаа бодсон юм шиг байна лээ. Олон жил ярьсан болохоор шийдээд, зориглоод л гараад ирсэн. Одоо үнэхээр сайхан амьдарч байна. 

-Залуу гэр бүлүүд хөдөө рүү шилжиж амьдрах талаар ярьдаг болжээ. Гэхдээ та хоёр шиг зориглоод гарч чадахгүй байх шиг. Дулаан байр, халуун ус байхгүй учир зутрах вий гэж эмээдэг байх. Сумын амьдралтай танилцаж яваа залуу гэр бүлийн хувьд та хоёроос сонсъё. Хотоос хөдөөд шилжиж амьдрах ямар байна вэ?

А.Анхбаяр: Би хөдөө амьдрах талаар их уриалдаг байсан л даа. Олны танил хүмүүс нийгэм рүү хандаад юм хэлэхээр улс төржиж байгаа мэтээр хүлээж авдаг юм билээ. Тиймээс зүгээр нэг хэлээд нэмэргүй байгаа учир үлгэрлэх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ үлгэрлэж байна гээд хөдөө гэр барьж, хэд хоноод зураг даруулангуутаа буцаад хотдоо байранд очоод хэвтчихэж болохгүй. Хүмүүс “Гал түлэхээс эхлээд хөдөө амьдрах хэцүү” гэж боддог. Тийм асуудлаа орчин үеийн аргаар шийдээд түгжрэл, утаанаас хол сайхан амьдарч болж байна.

… 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Э.Амартүвшин: “Макбет” дуурьдаа тоглоод, аав ээждээ удахгүй очиж золгоно доо

Монгол Улсын Ардын жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Энхбатын Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Итали улсад ажиллаж амьдарч буй бөгөөд энэ сарын 9-нд ДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглох юм. 

-Яагаад заавал эх орондоо “Макбет” дуурийг сонгож тоглоё гэж бодсон юм бэ?
-Мэдээж дуурийн хувьд маш том дуурь, дүрийн хувьд ч гэсэн том дүр. Жүжигчин хүнээс, дуучин хүнээс жүжиглэлтийн дотоод сэтгэлийн хөдлөл, гадаад биеийн өгүүлэмж, дүр гаргалт тал дээр маш их зүйлийг шаарддаг. Дуулаачийн хувьд дуулах тал дээр ч гэсэн маш их хүч шаарддаг дуурь учраас Монголдоо нэгэнт ирж байгаа юм чинь чанартай өөрийгөө үзүүлсэн, харуулсан зүйлийг үзэгчдэдээ хүргэчихье гэсэн үүднээс сонгосон. Хоёрдугаарт, манай театр тус дуурийг тоглоод удаагүй байгаа учраас уран бүтээлчид маань нэлээн бэлэн байгаа байх гэсэн үүднээс аль аль талыг нь бодож сонгосон.
-Олон жилийн дараа Монголынхоо тайзнаа гарах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Мэдээж сэтгэгдэл өндөр байна. Дуурийн тайзнаа том дүрд тоглоогүй 6, 7 жил болчихсон байна. Театрынхаа тайзнаа гарах гэж байгаа маань сайхан байна. Уран бүтээлчид маань сэлбэгдэж, маш олон залуус орж ирсэн байна. Ийм сайхан авьяастай, эрчтэй, хүчтэй залуустай хамт тоглолт хийх гэж байгаадаа сэтгэл маш өндөр байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

П.Хашчулуун: Хамгийн сайн сэтгүүлч гэж хамгийн сайн эх сурвалжтай хүнийг л хэлнэ

Үндэсний сэтгүүл зүйн 111 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй зарим асуудал болон мэргэжлийн сэтгүүлч болоход цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга П.Хашчулуунтай ярилцлаа. 

-Өнөөгийн сэтгүүл зүй гол зарчим, үүргээ биелүүлж чадаж байна уу? Ер нь сэтгүүл зүйн зарчим, үүрэг нь юу юм бэ?

-Тодорхой шүү дээ. Сэтгүүл зүйг сайн, муу янз бүрээр л хэлж байна. Тэгвэл Монголын нийгэм долоо хоног ямар ч телевиз үзэхгүй, ямар ч сайт ажиллахгүй, сонин гарахгүйгээр байя л даа. Эдгээр зүйл байхгүйгээр долоо хоног байхаар нийгмийн сэтгэл зүй яах вэ. Төсөөлөөд л үз. Зарим хүн галзуурч магадгүй. Яг үүнтэй адилхан өнцгөөр бодит байдлаар харвал Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид үүргээ гүйцэтгээд л явж байгаа шүү дээ. Мэдээж энэ дотор сайн, муу бүх юм бий. 

-Цаашдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа залуу сэтгүүлчид юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Бид залуу үеэсээ илүү суралцаж байна. Техник технологи ашиглах чадвар, нийгмийн сэтгэл зүйгээ мэдрэх байдал, залуу үеэс харах анзаарах юм ихтэй болчихсон сэтгүүл зүй шүү дээ. Тийм цаг үе байж болно. Нөгөө талаасаа залуу үе дээд үеэсээ бүр их асууж, нягтлах цаг үе ирчихсэн юм байна лээ. Яагаад гэвэл, мэдлэг боловсрол, техник технологийн дэвшил, шинэ үе гээд л ярьж байна. Тэртэй тэргүй нийгмийн тухайн цаг үеийн амьдралыг туулсан үеийнхэн гарцаа байхгүй авч явдаг.

Одоо залуу үе гээд л байна. Бид дэлхий рүү өнгийгөөд харах ёстой шүү дээ. Би улс төр талдаа бичдэг сэтгүүлчдийн нэг. Дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа нийгэм, улс төр хүндийн төвийг тодорхойлж авч яваа хүмүүс, дэлхийн удирдагч нарын уулзалтад 30, 40 настай залуу улс төрч, эдийн засагчид оччихсон, дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа харагдаж байна уу, үгүй л байгаа биз дээ.

Ингэхээр гарцаа байхгүй амьдрал туулж, туршлага хуримтлуулсан хүмүүс бүх цаг үеийн нийгмийг авч явдаг учраас хүссэн хүсээгүй залуус дээд үеийнхэнтэйгээ илүү ойр байж, асууж, хамтарч явах үе. Яг энэ нь Монголын сэтгүүл зүй дээр бас адилхан баримтлагдах, яригдах зарчим. Түүнээс “Та нарын үе дууссан. Бидний үе” гэдэг яриа нэг талдаа хийрхэл л болж харагдаж байгаа юм. Хамтраад л явах хэрэгтэй. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу