ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ОХУ-ын төрийн тэргүүний аюулгүй байдлын алба Владимир Путины аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэж мэдэгджээ.

Сэтгүүлч Павел Зарубин энэ талаарх дүрс бичлэгийг “Telegram” сувагтаа нийтэлсэн байна. Песков түүнд “Хамгаалалтын алба Төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангахын тулд үүрэгт ажлаа ёсчлон гүйцэтгэж байна” гэж хэлжээ.

Зарубин саяхан ОХУ-ын төрийн тэргүүний Ставрополь муж дахь “Эко-соёл” агро аж үйлдвэрийн цогцолборт хийсэн айлчлалыг дурдсан байна. Тодруулбал, Путин гуравдугаар сарын 5-нд Ставрополийн хязгаарт айлчлах үеэрээ хүлэмжийн цогцолборын ажилчидтай үдийн хоолны үеэр ярилцжээ.

Тэд Ерөнхийлөгчөө шөл, нухсан төмс, орон нутагт тарьж ургуулсан хүнсний ногоогоор дайлсан байна. Энэ үеэр В.Путин дотоодын үйлдвэрийн улаан лоолийг амтлаад, “Амттай” хэмээн хэлжээ.

Дмитрий Песков өмнө нь Владимир Путин тус улсад удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ын шинэ бүс нутгуудаар айлчлах боломжтой талаар мэдээлж байв.

ОХУ-ын төрийн тэргүүний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “РИА Новости” агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “ОХУ-ын удирдагч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улсын шинэ бүс нутгуудаар айлчлах эсэх талаар ярихад эрт байна” гэж мэдэгджээ. Гэвч Кремлийн төлөөлөгч тус улсын Ерөнхийлөгч ийм “аялал” хийхийг үгүйсгээгүй байна.

Песков “Одоогийн байдлаар энэ талаар ярихад эрт байна. Ерөнхийлөгч шинэ бүс нутгуудад хэд хэдэн удаа зочилсон. Дахин айлчилна, гэхдээ яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд болно. Өмнө нь Песков “ОХУ ард түмэндээ хэрэгтэй сонгууль явуулна” гэж мэдэгджээ. Кремлийн төлөөлөгч сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохоо илэрхийлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөснөөс гадна гуравдугаар сарын 15-наас 17-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх ажээ. Энэ талаар “Россия-1” телевизийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлгийн үеэр мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Путин санал хураах байранд өөрийн биеэр ирж, эсвэл алсаас санал хураалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Путин мөн энэ долоо хоногт “Оросын удирдагчид” тэмцээний ялагчидтай уулзахаар төлөвлөжээ. Нэмж дурдахад, түүний ажлын хуваарьт Оросын засгийн газартай хийх уулзалт, Оросын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй хийх уламжлалт уулзалтууд багтсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нийт 114212734 сонгогч оролцож, саналаа өгөх бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт 112309947 сонгогч, хилийн чанадад 1890863 сонгогч, Байгаль нуур орчимд 11924 сонгогч тус тус байгаа ажээ.

Нийт 93920 санал авах байр бий бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт 93644 нь, үлдсэн 269 нь хилийн чанадад буй юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин (бие даан нар дэвшигч), Леонид Слуцкий (Либериал, демократ нам), Николай Харитонов (Коммунист нам), Владислав Даванков (“Шинэ хүмүүс” нам) нарын дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй юм.

ВЛАДИМИР ПУТИН: 2000, 2004, 2012 болон 2018 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэрбээр 2024, 2030 онд дахин нэр дэвших эрхтэй болсон. 2008-2012 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Путин Ерөнхийлөгчийн сонгогдон ажиллах хугацаа дөрөв байсныг зургаа болгох санал оруулсан нь батлагдаж байв. Энэ өөрчлөлт Медведевт хамааралгүй бөгөөд тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн албанаас буусан.

Владимир Путин энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч гэсэн статустайгаар оролцож буй юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа оролцож байна. Өмнө нь 2000, 2004, 2012, 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, ялалт байгуулж байв.

ЛЕОНИД СЛУЦКИЙ. Оросын либерал, демократ намын дарга. Тус намын дарга Владимир Жириновский таалал төгссөн 2022 оноос хойш удирда буй Слуцкий анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. 2000 оноос хойш Төрийн думын гишүүнээр сонгогдон, өдгөө Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны даргын албан тушаал хашиж байгаа билээ.

НИКОЛАЙ ХАРИТОНОВ. ОХУ-ын Коммунист намын төлөөлөгч. 1994 оноос хойш Төрийн думын гишүүнээр удаа дараа сонгогдсон, өдгөө Думын Бүс нутгийн бодлого, Хойд нутаг болон Алс Дорнодын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажилладаг. 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, сонгогчдын 13,69 хувийн саналаар хоёрдугаарт бичигдэж, Владимир Путин ялалт байгуулсан билээ.

ВЛАДИСЛАВ ДАВАНКОВ. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай өөр нэг намыг төлөөлж оролцсон. 2020 онд байгуулагдсан “Шинэ хүмүүс” намын төлөөлөгчид 2021 онд Төрийн Думд сонгогдож байсны нэг нь Владислав Даванков. Өдгөө тэрбээр Думын дэд дарга, мөн Төсөв, татварын хорооны гишүүнээр ажиллаж буй. 2021 оныг хүртэл Путины санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI, AIF, IIS.AC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу