Азийн нэр хүндтэй наадам болох “Asian Film Awards 2024”-д Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу “City of Wind” уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ.
Тус наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр (2024.03.10) Хонг Конгт болсон бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарчээ.
Кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-гаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн ба Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм. “Сэр сэр салхи” УСК бол Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл ажээ. Мөн энэ кино 2024 оны Оскарын шагналын “Уран сайхны кино”-ны шалгаруулалтад Монголоос нэр дэвшсэн юм.
Дашрамд дурдахад 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу “Grand prix” шагналыг мөн энэ өдөр хүртжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу