“Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх “Цэнхэр будаг хөдөлгөөн”-ийг өнөөдөр (2024.03.11) өглөөний 10:00 цагаас эхлүүллээ” хэмээн иргэн Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэхүү хөдөлгөөний зорилго болон бусад сэдвийн хүрээнд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Даваа гаргийн өглөөнөөс “Цэнхэр будаг хөдөлгөөн” хэрэгжиж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж эхэллээ. Энэхүү хөдөлгөөний зорилго юу вэ? 
-Монгол Улсад маш олон хууль байдаг ч тэдгээрийн хэрэгжилт ямар байна вэ? Иргэд хуулийн хэрэгжилтэд маш сэтгэл дундуур байх болов уу гэж бодож байна. Манай улсад татвар төлөгчдөд хэрэгтэй хэд хэдэн хууль бий. Шилэн дансны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай гэх мэт. Шууд цалингаасаа татвар төлж байгаа хүмүүсийн хуримтлагдсан мөнгөөр худалдаж авч байгаа зардалд хэдийчинээ хяналт тавьж чадна тэр хэрээрээ хэмнэж чадна.
Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Маш их шүүмжилж, маш их хэлэлцүүлэг дунд явсаар батлагдсан хууль. Хууль батлах нь нэг хэрэг. УИХ-ын гишүүд бол хууль батална, батлагдсан хуульд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Гэтэл гишүүдийн хэд нь үндсэн үүргээ биелүүлж байна вэ. Би хувьдаа үүн дээр 0 гэж үнэлмээр байгаа юм. Хуулийн хэрэгжилтийн араас явдаг нь үнэхээр цөөхөн.
Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөгдсөн. Үүнийг есөн жил би ганцаараа хянаж ирсэн. Гэтэл сөрөг хүчний намууд үүн дээр хяналт тавьж чадахгүй байна.  Мэдлэг боловсрол нь хүрэхгүй байгаа юм шиг, төрийн төсвийн мөнгөний тухай мэддэг, ойлгодог боловсон хүчин тэнд алга.
Ардын намд байгаа ганц лайв хийдэг, дуугардаг, төсөв мөнгөний тухай мэдлэгтэй нь би болж таараад байна. Тиймээс энэ хуульд би өөрөө хяналт тавья гэж санаачилгаараа гаргаж ирлээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалтад иргэний хяналт тавьж байна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Ардын намын  удирдах албан тушаалтнуудад би холбогдож хэлсэн. Эсэргүүцэл гэх мэт асуудал мэдээж гарах байх. Ингээд өчигдөр өглөөнөөс эхлээд яам, тамгын газруудаар яваад шахалт, шаардлагаа хүргээд явж байна.
-Энэ бүхнийг та ганцаараа хянаад, шахаад өөрчилнө гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ, болно гэж бодож байна уу. Өөр хүн нэгдэж байна уу.
-Би бол болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Учир нь хууль байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль бол анхдагч хууль. Хуульд хоёр өөрөөр заасан байлаа гэж бодоход анхдагч хуулиа л дагана. Тийм учраас би өөртөө маш итгэлтэй байна. Жишээлбэл Эрчим хүчний яам, Эрүүл яамаар орж Төрийн нарийн бичгийн дарга нартай нь уулзлаа. Системийн хэмжээнд Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа тухай мэдээллүүдээ танилцуулж байсан. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, чи тэглээ ингэлээ гэсэн асуудал гараагүй.
Гэхдээ олон дарга дотроо дургүй байгаа байх. Өнөөх эхнэр хүүхдээ албаны машинаар зөөдөг, шөнө орой зугаалдаг, найз охин оо хүргэж өгдөг нь байхгүй болчихоор уур нь хүрнэ. Мөн аялдан дагагч нар, цүнх баригч нар нь ч надад дургүй нь хүрнэ. Ойлгомжтой шүү дээ. Гэхдээ зөв шударгын төлөө явж байхад ард иргэд л миний талд орвол болчхож байгаа юм. Цаашлаад манай намын шударга гишүүд, шударга бизнес эрхлэгчид ч мөн миний талд байна. Татвар төлж байгаа иргэд өөрсдийн төлсөн мөнгөндөө санаа тавих эрхтэй шүү дээ. Энэ мэт хүмүүс өчигдрөөс холбогдоод эхэлсэн байна. Жишээ нь цэнхэр дугаартай холбоотой мэдээлэл худалдаж ав аа, санхүүг нь шийдэж өгье гэх мэтээр. Тухайн хүн өөрийн мэдээллээ хэдээр үнэлэх нь түүний дур. Харин мэдээллийг чанад нууцлан хадгална.   Хамтрах хүмүүсийн бусад мэдээллийг тодорхой, ойлгомжтой болгочхоод олон нийтэд мэдээлээд явна гэж бодож байна. Шүгэл үлээгч болон шүгэл үлээгчийг дэмжиж байгаа хүмүүсийн хамтын ажиллагаа гэсэн үг.
Зарим тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэдэг үндэслэлээр улсын дугаарыг цэнхэр өнгөөр будах нь хувийн өмчид халдсан хэрэг болохгүй юу. Ер нь ямар дарааллаар хэрэгжилтийг хангуулах юм бэ?
Төрийн өмч болон хувийн өмчийг андуурсан үйлдэл гаргах вий гэдэг асуудлыг зарим хүмүүс санал болгож байсан. Үүний дагуу хэд хэдэн шат дараалсан арга хэмжээг авч байна.  Жишээлбэл, яамдад очоод төр төлөөлсөн нэгдүгээр хүн болох Төрийн нарийн бичгийн даргатай уг асуудлыг ярилдаг. Дараагаар нь системийн хэмжээнд тодруулж ойлголцоод хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шаардаж байгаа. Шүгэл үлээж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа иргэн хүн учраас ихэнх газар нааштайгаар хүлээж авч байна. “Наашаа суу, ярилцъя. Салбарын хэмжээнд ийм байна” гэх мэт. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсны хувьд тэдгээр яамдад ямар шаардлага тавихаа би мэдэж байгаа шүү дээ. Зарим нэг тохиолдол байж болохыг үгүйсгэхгүй байгаа. Заавал ажилтай хөдөө гадаа явж байхад нь эсвэл дугаар хэвлүүлэх мөнгөгүй байхад нь тэг ингэ гээд байж болохгүй байна. Жишээ нь Эрүүл мэндийн сайд зудын байршилд явсан байсан. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хэрэгжилтийг хангаагүй байгаа гэдэг нь л өөрөө хууль дагаж мөрдөхгүй байна гэсэн үг.
 Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг заавал иргэдээр шахуулахгүйгээр хийх ёстой шүү дээ. Үүнийг л засахаар ажиллаж байна. Мэдээж үр дүн гарна, үүнд хугацаа хэрэгтэй. Дэлхийн бүх өргөсийг нэг өдөрт түүж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас хүлээцтэй хандаж байна, ингээд болохгүй бол өнөөх будгаар будах ажилдаа орно доо. Иргэн хүний хууль ёсны шаардлагыг төрийн албан хаагч хүлээж авах үүрэгтэй.
Зайлшгүй нөхцөлд төрийн албаны машин энгийн дугаар хэрэглэвэл яах вэ?
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын зарим нэг тээврийн хэрэгсэл гэхэд нууц, шуурхай ажиллагаа гүйцэтгэхийн тулд энгийн дугаартай байх шаардлага гардаг. Түүнд хамаарах өөр хуулиар зохицуулагддаг албан газрын машин хамаарахгүй байж болно. ЦЕГ, ТЕГ, АТГ, ШШГЕГ гэх мэт. Энэ мэт тохиолдолд шахаж шаардах аргагүй. Харин бусад нь буюу найман мянган автомашин хуулиа дагана. Тиймээс судалгаа мэдээллийг сайн гаргаж ажиллахыг илүүд үзэж байна. Хугацаа шаардах ч гэсэн төлөвлөгөөтэй, шат дараатайгаар ажиллавал үр дүн гарна. Шилэн дансны тухай хууль ч мөн ингэж л байсан. Эхэндээ бүгд л учраа олохгүй асуудал гарч байсан ч өнөөдөр үр дүнгээ өгч байна.
Байгууллагын машиныг хувьдаа ашигладаг, хэвлэж авсан цэнхэр дугаараа зүүддэггүй тохиолдол элбэг байна. Энэ бол санаатайгаар хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Цаашлаад эдгээр тээврийн хэрэгсэл нь асар их хэмжээний торгуультай байна. Торгууль бүү хэл үзлэг оношилгоондоо ч ордоггүй байх жишээтэй. Энэ тохиолдолд Авто тээврийн үндэсний төв бол иргэдэд тавьдаг шаардлагаа албан байгууллагад ч мөн адилхан тавьж байгаа. Нөгөөтээгүүр хэдэн жилийн өмнө тэр даргын унаж байхдаа төлөөгүй торгуулийг би яахаараа төлдөг юм гэсэн хандлага байна. Энэ тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Тэгэхээр “Цэнхэр будаг хөдөлгөөн” бол зөвхөн дугаар будах ажил биш ээ. Хэн гэдэг даргын машин хэдэн төгрөгийн торгуультай байна гэдгийг гаргаж ирнэ. Төрийнхөн гэхээрээ л юмны урдуур ороод иргэдээс давуу эрх эдэлдэг байдлыг Авто тээврийг үндэсний төвийнхөн халсанд баяртай байгаа. Албан байгууллага, хувь хүн ялгаагүй яг адилхан үйлчилж, шаардаж байгаад талархаж байгаагаа хэлмээр байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?
Төрийн албаны тухай хуулийн хариуцлагын дөрвөн заалтыг бүрэн хэрэгжүүлнэ.
\Сануулах, Цалингийн арга хэмжээ авах, Ажлаас халах, Гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх байгууллагад шилжүүлэх\. Төрийн өмчийн цэнхэр дугаартай байх ёстой машинд цагаан дугаартай явж байгаа төрийн алба хаагч, түүнийг эзэмшиж буй дарга удирдлага ажлаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Биелүүлэхгүй байж болно. Хэрэв тэгвэл ажлаа өгөөд явж болно л гэдэг хоёр заалт бий.
Таны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаа нэлээн хэдэн жил явагдаж ирлээ. Тодорхой үр дүнгээс та хуваалцаач. Мөн энэ хугацаанд хэр их дайсантай болов. 
2016 оны төсөвт би 80 тэрбум төгрөгийг хэмнэж байсан юм. Энэ хуулийн хүрээнд хяналт шаардлага тавьж. Мөн тендертэй холбоотой асуудал ч гэсэн олон. Хорин мянган төгрөгийн амны хаалт, Монгол Банкны фитнесийн төхөөрөмж, Эрдэнэтийн архи дарсны асуудал, Жи-класс, Төрийн өмчит үйлдвэрийн дарга нарын хүүхдүүд үйлдвэрийн мөнгөөр гадаадад сурч, төлбөрөө үйлдвэрийн мөнгөөр төлүүлсэн байдал, ковидын үеийн маш олон шууд худалдан авалтууд гэх мэт маш олон тендер үйл ажиллагааг цуцлуулж байсан. Өнгөрсөн хугацаанд би барагцаагаар 220 орчим тэрбум төгрөгийг төрхөмд нь буцаасан. Ганцхан хүн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадвал ийм хэмжээний мөнгө хэмнэж болох нь  байна.Цаашлаад 2,3,4,5…10 хүн хяналт тавихад үүнээс илүү хөрөнгө мөнгийг хэмнэж чадна гэдгийг харуулж байна. Иргэд өөрсдийнхөө цуглуулсан хөрөнгөд бүгд хяналт тавих эрхтэй.
Б.Хурц генералын хэлдгээр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүстэй үзэж байна л даа. Тэдний ашиг сонирхол, худалдан авалт, тендер, эрх мэдэл, аваа өгөө, цавчааных нь асуудалд би саад болж байгаа шүү дээ. Шулуухан хэлбэл лай болж байна, тээг болж байна. Мөн тэр хүмүүсийн мөнгийг нь аваад ажлаа хийгээд сурсан хүмүүс бас бий. Асар их цавчаа, худалдаа хийгддэг байсан. Одоо бол харьцангуй гайгүй болж. тэр болгонд нь би саад болох гэж, иргэдийнхээ мөнгийг хямгадах гэж хичээж байлаа. Хуйвалдаан, булхайг нь илчилбэл тухайн улс төрчийн хувьд төгсгөл ирнэ шүү дээ. Тийм байхад надад дургүй байх нь аргагүй. Би ганцаараа тэд нар олуулаа.Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй. Тэгээд муулж эхэлнэ. Нэг хүн муулна, хоёр хүн муулна ингээд гурав дахь хүн автоматаар надад дургүй болж эхэлдэг юм билээ. Надад ямар ч хамааралгүй байсан ч тухайн албан тушаалтан дургүй болчихдог. Тийм болохоор заримдаа тендерийн тухай дуугармааргүй ч үе байсан. Шилэн дансыг хармаар ч үгүй үе хүртэл байсан. Учир нь дайсан нүдний өмнө геометрийн прогрессоор өсөөд байдаг юм билээ. Булхай луйвар хийдэг эрх дархтнууд нийтээрээ, сүлжээгээрээ надад дургүй болж байгаа гэсэн үг. Мөн тэд нартай холбоо хамааралтай хэвлэлүүд дургүй болно. Яах вэ массаараа миний хийж байгаа үйл сайн талд нь, зөв талд нь дараад байгаа учраас л одоо гайгүй явж байна гэж боддог. 
Төрийн хэмнэлтийн тухай хууль ч тийм. Өглөө эхнэр хүүхдээ хүргэж өгдөг, өдөр нь найз охинтойгоо буудалд очдог, орой нь тэнэж зугаалдаг тэр хүмүүс дургүй нь хүрч л байгаа байх. Тэр бүхний л жавтийг хүртэх гээд л сайн дураараа явж байна даа. 
Ярилцсанд баярлалаа. 
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу