“Оюу Толгой” ХХК-ийн хэсэг ажилчид өнөөдөр (2024.03.11) 11.55 цагт “Моннис” цамхагийн үүдэнд цугларч, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цалингаа авч чадахгүй байгаагаа мэдэгдэв.

Тэд гартаа “Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, монгол ажилчдын хөдөлмөрийг мөлжихөө зогсоо”, “Дундаж цалин хөлсийг хуулийн дагуу бод”, “Оюутолгой Хөдөлмөрийн хуулийг гуйвуулж байна”, “Ононхангайг ажлын хэсэгт хөндлөнгийн ажиглагчаар оруулъя” гэх зэрэг бичиг бүхий цаас барьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, “Оюу Толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр албан ёсоор хамтарсан Ажлын хэсэг байгуулан, эхний уулзалтаа хийжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өөр өөр хэлтэс, нэгжийг төлөөлж долоон ажилтан, тус компанийн мөн долоон хүнийг томилсон ба Ажлын хэсгийн зорилгыг “Дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэрийн суурь шалтгааныг тогтоож, асуудлыг шийдэх дараагийн алхмуудыг тодорхойлох” гэж хамтран тодорхойлсон байна.

Улмаар “Оюу Толгой” компаниас нийт ажилтны дунд санал бодлоо илэрхийлэх нээлттэй асуулга явуулж байгаа бөгөөд Ажлын хэсгийн явцыг тухай бүр нь нийт ажилтанд цаг алдалгүй танилцуулахаар төлөвлөжээ.

“УРТЫН ЭЭЛЖИЙН, ХЭВИЙН БУС НӨХЦЛИЙН, НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЭЛ ГЭЭД БҮГД ХЭВИЙН ОЛГОГДОЖ БАЙНА”

Бид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Оюу Толгой” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас дараахь тодруулгыг авлаа.

-Ажилтнуудын цалин тэдний хэлсэнчлэн 25-30 хувиар буурч байгаа юу?

-Бид ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалинг огт өөрчлөөгүй. Мөн бусад нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүдэд ч өөрчлөлт ороогүй, хувь хэмжээ нь хэвээрээ байна. Жишээ нь, уурхайн уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувь байдаг. Энэ хэвээрээ байна. Хэвийн бус нөхцлийн нэмэгдэл 10-16 хувь, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл зэрэг нэмэлтүүд хэвээр олгогдож байна.

-Ямар өөрчлөлт орж байгаа талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь салбарын яамнаас гаргасан холбогдох журмын дагуу хийж байгаа өөрчлөлт. Уг журам бараг хоёр жилийн өмнө хүчин төгөлдөр болсон ба “Оюу толгой” компанийн тухайд шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилтнуудад тусаж байгаа нөлөөллийг харгалзан, хоёр жилийн хугацаанд энэхүү журмыг хэрэгжүүлээгүй. Одоо Компанийн хувьд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд үүссэн учраас энэхүү журмыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна.

-Энэ журмаар зохицуулах дундаж цалинг тооцоолох аргачлалын талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ талаар зөрүүтэй ойлголт яваад байх шиг байна. Тухайн ажилтны өмнө нь гар дээр авсан цалин хөлсийг ажилласан цагт нь хуваах замаар илүү цаг, шөнийн ээлжийн нэмэгдлийг бодож, цагийн хөлсийг гаргаж авдаг тооцоолол. Өмнө нь ажилтны дундаж цалинг тооцохдоо гар дээр авсан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал гээд гарт олгож байгаа бүх цалин хөлсний бүрэлдэхүүнийг ажилласан цагт нь хувааж, дундаж цалинг тооцоолоод, холбогдох нэмэгдлийг олгож байсан.

Тус тооцооллын дагуу ийнхүү ажилтны нэмэгдэл хөлс орсон дүнгээс дахин нэмэгдэл хөлс тооцож байсан. Ингэснээр зарим ажилтнуудын цалин сараас сард нэмэгдэх нөхцлийг бүрдүүлсэн юм. Компаниас хэрэгжүүлэх энэ шийдвэр бараг хоёр жилийн өмнө батлагдсан, яамнаас гаргасан дундаж цалин хөлс тооцоолох журамд оруулсан нэмэлтийн дагуу хийж байгаа өөрчлөлт юм.

-“Оюу Толгой” компани яагаад ийм өөрчлөлт хийх болов?

-Уурхайн ажилтнууд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уртын ээлжийн тэгш хуваариар ажиллах болж, цалин хөлс буурсан сөрөг нөлөөллийг бага байлгах үүднээс энэ журмын нэмэлтийг хэрэгжүүлээгүй ирсэн.

Ажилтны нэмэгдэл хөлс, нэг удаагийн шагнал урамшуулал орсон дүнгээс дундаж цалин хөлсийг тодорхойлсноор урьдчилан тооцоолоогүй хэд хэдэн сөрөг үр дагавар бий болгосон. Энэ шийдвэрийг олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасныг энд тэмдэглэмээр байна. Үүнд:

Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчим алдагдаж, ажилтнуудын дунд үүсээд байгаа цалин хөлсний ялгаатай, тэгш бус байдал улам даамжирсан;

Ажилтнуудын дунд шөнийн ээлжинд ажиллах өрсөлдөөн бий болж, мөн сунаж ажиллах сонирхол нэмэгдсэн нь ажил, амралтын хуваарийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна. Цаашдаа ажилтнуудын алжаал ядаргаа нэмэгдэж, эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн;

Цалин хөлсний ялгаатай байдлын улмаас ажилтнуудын ажлын байрандаа өсөж хөгжих, албан тушаал дэвших сонирхол эрс багассан. Энэ нь нарийн ур чадвар шаардсан эсхүл, удирдах түвшний ажлын байранд залгамж халаа хомсдох эрсдэл бий болгосон;

Илүү цаг болон шөнийн нэмэгдлийн тооцооллоос шалтгаалсан тасралтгүй өсөлтөөс үүдэлтэй тогтоон барих боломжгүй ажиллах хүчний зардлын өсөлт 2023 онд бий болсон;

Энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол манай компанийн урт хугацааны бизнесийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байх үр дагавартай.

Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, ажилтнуудаа урт хугацаанд найдвартай ажлын байраар хангах, тэгш шудрага цалин хөлсний системтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нухацтайгаар олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасан бизнесийн чухал шийдвэр болохыг дахин тэмдэглэж байна.

-Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд болон ажилтнуудтайгаа уулзсан уу? Тэд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 1-ний өглөө “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал болон ахлах удирдлагын төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийг хүлээн авч, уулзаж ярилцлаа. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн уулзалт хийсэн бөгөөд Ажлын хэсэг байгуулан, энэхүү асуудлыг шийдвэрлэхээр цаашид хамтран ажиллахаар боллоо.

-Уг өөрчлөлтөөс үүдэн ажилтнуудад тусах нөлөөллийг бодолцож үзсэн үү?

-“Оюу толгой” ХХК аливаа шийдвэрийг гаргахдаа ажилтнууддаа ээлтэй, тусах нөлөөллийг буруулах арга хэмжээ авсаар ирсэн билээ. Жишээ нь, шинэ хуулийн дагуу уртын ээлжийн ажилтнуудын ажиллах хугацаа багассан хэдий ч компанийн зүгээс үндсэн цалинг хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Мөн нэмэлт тэтгэмж, урамшуулал, хөнгөлөлтийг ажилтнуудаа олгосоор ирсэн. Үүний нэг нь ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулсан урт хугацааны санхүүгийн баталгаа бий болгох Тэтгэвэр/хуримтлалын санг хэрэгжүүлсэн.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу