Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласныг тус тус тохиолдуулан “Монгол кино өдрүүд” наадмыг анх удаа Пусан хотноо зохион байгууллаа.   
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас санаачлан БНСУ-ын Ханнарэ соёлын сан, Пусан хотын Кино ордон, Монгол Улсын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-10-ны өдрүүдэд явуулсан юм.
Арга хэмжээний хүрээнд “Пусан хотын кино ордон”-д Монгол Улсын уран сайхны дөрвөн киног толилуулж, кино найруулагчид болон үзэгчдийн уулзалтыг зохион байгуулжээ. Мөн 11 удаагийн үзвэрээр нийт 2000 гаруй иргэд хүрэлцэн ирж сонирхосон байна.
Арга хэмжээний Нээлтийн ёслолд Пусан хотын Дэд захирагч Ан Бён Ю, Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн, Пусан хотын захирагч асан Мүн Жон Сү, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Оксана Дудник, Казакстан улсаас Пусан хотод суугаа Ерөнхий консул Аяан Кашабаев, АНУ-аас Пусан хотод суугаа Консул Нолан Баркхаус, БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий Дэд консул Ү Ри Би, Зүүн хойд Азийн бүс нутгийн засгийн газрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Үльсан Их сургуулийн эмнэлгийн дарга Чон Юн Ги, Кённам Мэдээллийн технологийн их сургуулийн Ерөнхий захирал Ким Тэ Сан зэрэг нэр хүнд бүхий 100 гаруй зочид төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирэв.
Мөн талууд “Монгол кино өдрүүд” наадмын арга хэмжээг цаашид жил бүр зохион явуулахаар тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу