Гуравдугаар сарын 11-ний Даваа гараг. Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр хэдий ч Богд уулын бэлд агаарлаж буй, уул өөд алхаж буй хүн цөөнгүй байв. Нялх, балчир хүүхэдтэй хүмүүс нь уулын бэлд тоглоцгооно. Бусад нь уул өөд мацаж байлаа. 

Ууланд алхах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Ийм ч учраас Богд ууланд бичил бизнес эрхлэх залуус гарч ирсээр буй. Тухайлбал, тэнд алхаж байгаа иргэдэд зориулан хийл хөгжим тоглож, халуун кофегоор үйлчилдэг гурван залуу олны анхаарлыг татаад байсан. Харин энэ удаад тэнд өөр үйлчилгээ нээгджээ. Энэ бол өөртөө үйлчилдэг дэлгүүр. “Грийн групп”-ийнхэн Талын Монгол брэндээрээ дэлгүүр нээснийг сонсоод бид Богд уулыг зорьсон юм. 

Уул өөд 1 км гаруй алхаж явтал замд таван тасалгаа бүхий босоо тавиур харагдлаа. Тавиурын баруун талд ширээ, зүүн талд нь сандал байв. Уг газрыг долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 3-нд нээжээ. Тухайн үед Талын Монгол брэндийнхэн дэлгүүр нээсэн тухайгаа бичлэг хийн, цахим хуудастаа байршуулж байсан юм. Бичлэгт тавиурын дээд дөрвөн тасалгаанд “Талын Монгол” брэндээс гаргадаг 5 минутад буцалгаад идэх боломжтой дөрвөн төрлийн шөлтэй хоолыг өрсөн харагдсан. Харин доод хэсэгт нь нэг удаагийн аяга, халбага, сэрээ болон газан плитка, хоол буцалгах сав зэрэг байв. Мөн тавиурын хажууд савтай ус тавьсан байлаа. Тавиурт цаас наасан байх бөгөөд түүн дээр дөрвөн төрлийн хоолны үнэ болон төлбөр төлөх qpay, дансны дугаар бичсэн байв. Ууланд алхаж буй иргэн амсхийнгээ тэндээс дурын хоолоо сонгон авч, чанаж идээд төлбөрөө төлөөд явахаар тооцжээ. Уг үйлчилгээг нээгдсэний дараа иргэд сайшааж, “Камергүй, худалдагч байхгүй дэлгүүр нээгджээ. Хүмүүст итгээд эзгүй хээр бүтээгдэхүүнээ үлдээсэн байна. Ийм гоё зүйлээр соёлтой үйлчлүүлээрэй” хэмээцгээж байв. 

Гэтэл биднийг очиход тавиур юу ч үгүй хоосон байсан юм. Бүтээгдэхүүнүүд нь үлдээгүйгээс гадна хоол хийх хэрэгслүүд нь алга болжээ. Хоосон тавиурын хоёр дахь тасалгаанд нь өнөөх төлбөрийн данс бичсэн цаас л харагдана. 

Энэ талаар ууланд алхаж буй иргэн Ш.Энхтайван “Би дөрвөн жил ууланд алхаж байна. Эрүүл мэндээ бодоод долоо хоногт хоёр удаа алхдаг юм. Ийм үйлчилгээ нээсэн гэдгийг нь сонссон. Гэхдээ хараагүй байсан. Үнэнийг хэлэхэд манай монголчууд ийм соёлд суралцах болоогүй байна. Энэ уулаар янз янзын хүмүүс явж байгаа шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлж, ийм үйлчилгээ нээх гэж байгаа бол тог цахилгаан татах хэрэгтэй. Тэгж байж камержуулах нь зөв байх. Ийм үйлчилгээ гаргаж байна гэж сошиалаар цацчихаад эзэнгүй хаячихвал цааш хөгжихгүй” хэмээн ярилаа. 

Ууланд алхаж хэвшсэн хүмүүст ийм үйлчилгээ хэрэгтэй байдаг эсэх талаар асуухад тэрбээр “Өглөө эрт алхахаар ирэхдээ цайгаа ууж амжилгүй гэрээс гарах тохиолдол бий. Мөн бид алхахдаа жижиг халуун саванд ус хийгээд алхдаг юм. Түүнийгээ замдаа ууна. Ингэж өөртөө ачаа болгож байснаас замын дунд ийм үйлчилгээ байвал их сайхан болно” гэлээ. 

Харин бид уг үйлчилгээнийх нь талаар Грийн групптэй утсаар холбогдож тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй юм. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу