Португалийн шигшээ багийн довтлогч Криштиан Роналду багийнхаа ялагдлын талаар тайлбар хийжээ. Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийн баг Мароккод 0:1 харьцаагаар хожигдсон юм.

“Португалийн шигшээ баг ДАШТ-2022-т ялах нь миний карьерын хамгийн том мөрөөдөл байлаа. Баярлууштай нь, би олон улсын төвшний олон цол хэргэмийн эзэн, гэхдээ Португалийн нэрийг дэлхийн хамгийн өндөр төвшинд гаргах нь миний хамгийн том мөрөөдөл байсан юм. Би үүний төлөө тэмцсэн. Мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцсэн. 16 жилийн туршид би таван удаа ДАШТ-д оролцож, агуу хөлбөмбөгчидтэй тоглож, олон сая нутаг нэгтнийхээ дэмжлэгийг авч байлаа. Би өөрийгөө, бүх хүчээ талбайд зориулсан. Би хэзээ ч энэ мөрөөдлөөсөө татгалзаж байгаагүй” хэмээн Роналду бичжээ.