“Сонгууль болох нь ээ” гэдэг мессэж сонгогчдын чихэнд хэдийнэ хүрээд эхэлчихсэн. Харин хэнийг сонгох вэ гэдэг асуулт цас, зудын хүндрэлийг давж чадаагүй байна. Нар наашилж, налгар хаврын өдрүүд ирж, хүн малын зоо тэнийхтэй зэрэгцэн горилогчид Монгол Улсыг бүтэн гороолох нь дамжиггүй. Ер нь бол элдэв чамин үгээр хулдан, сонгуулийн сурталчилгаа хэдийнэ гарааны зурхайгаас хөдөлсөн.

Энэ удаагийн сонгуульд найман жил дараалан засагласан МАН-ын хувьд хүндхэн сонгууль болно. Ялангуяа бүх асуудлын цөм болсон Д.Сумъяабазар даргатай Нийслэлийн МАН, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарын хувьд их найдлага тавьж чадахаа больсон.

Гэхдээ орон нутгийг бодоход дүүрэг дүүргээр нь нэгтгэсэн учраас асар их мөнгөтэй хүмүүс өмнөх арга барилын дагуу мөнгөө цацаад явчихад болохгүй гэх газаргүй. Харин орон нутагт нэр дэвшигч мөнгө тараана гэдэг ямар ч баян хүний хувьд халгам зардал гарна. Гэсэн ч даваад гарна гэх сэтгэл зүй өндөртэй улстөрчид байна гээд бод.

Эрх баригч намынхны хувьд арга заль ихтэй. Одоо Их хурлын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн талаар иргэдэд мэдээлэл өгч байна гэх нэрээр илтэд сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн тууж явна. Харин сайд нар нь цас зудтай аймгуудад Засгийн газар ажиллаж байна гэх нэрээр өвс тэжээлээс эхлээд өгч болох зүйлсийг харамгүй цацаж байна. Өөрийн мөнгөөр биш, төсвийн мөнгөөр туйлж байгаа нь тэр л дээ. Төсвийн мөнгө гэдэг нь татвар төлөгчдийн л мөнгө. Бидний мөнгөөр биднийг “мунхруулахад” дэндүү их хүч хаяж байна.

Найман жил засаглахдаа ард түмний амьдралыг “ул”-нд хүртэл унагасан МАН-ынхны хувьд амаргүй тулаандаа ингэж бэлдэж байна. Харин Ардчилсан намынхны хувьд өнөө л дарга, цэргийн толхилцоон дотроо үргэлжилсээр байгаа гэх. Толхилцооны ард “Женко” Баттулга найруулсан жүжгээ хараад сууж байгаа талаар ярьж байна.

Улс төрөөс үнэхээр явж чадахгүйгээ харуулах болсон түүний хувьд хүргэн О.Тэнүүнийгээ Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэхээс эхлээд ойрын гэж ойлгож болох бүх хүнээ тойрогт сойж байна. Зарим итгэлт хүмүүсээ намын жагсаалтын эхний 10-д багтаана хэмээн ам алдсан гэх. “Женко”-гийнхоо өмнөөс тулаад оччих аавын хүү одоохондоо Ардчилсан намд алга. Намдаа гол тоглогчийн байр сууринаас асуудлыг хараад, “хор”-оо найруулаад сууж байгаа юм.

Бусад намуудын хувьд сонгууль болдгоороо болно. Харин Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл” хэрхэн сонгуульд оролцох бол гэдэг хүлээлт байна. Саяхан өрхөө татсан тус эвслийн хувьд энэ удаагийн сонгуульд маш хүчтэй орж ирнэ гэдэг амар биш. Н.Номтойбаяр өмнө нь харъяалагдсан байсан намынхантайгаа нүүр тулна. Өөрийг нь дэмжиж явсан намын гишүүдтэйгээ нүүр тулна.

Шударга, шийдэмгий, хэний ч өмнөөс үгээ хэлчихдэг, хэлмэгдэж шоронд хоригдсон гэх хувь хүний характераар 1000 хүн татаж болох ч цаана нь нэг сая сонгогчийг татах харизм байна уу гэдгээр их зүйл шийдэгдэнэ. Одоо хувь Н.Номтойбаярын характераар л улс төр хийж байна. Цаашид өсөх улс төрчийн хувьд харизмаа хэрхэн тодорхойлох нь түүний асуудал. Түүний манлайлал түүний эвслийн гол түлхүүр.

“Үндэсний эвсэл” гээч байгуулагдсан нь насаараа улс төрд ойрхон юм шиг хэрнээ хол явж ирсэн Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарын хувьд туйлын зорилгодоо хүрэхэд хамгийн ойр замдаа байна гэхэд болно. Н.Номтойбаяр шиг тийм том боломж тэдэнд дахин олдохгүй.

Ж.МАРАЛ

1 сэтгэгдэл

  1. Great post I was checking constantly this blog and I’m impressed! Very useful info specially the last part 🙂 I care for such info a lot I was seeking this particular information for a very long time Thank you and best of luck

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу