“Монголын боловсролын системийн хоцрогдол, Амлалт болон хийх ажил” сэдвээр иргэн М.Төртогтох өнөөдөр (2024.03.12) Зууны мэдээ сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрбээр гаднын орны боловсролын салбарын жишээг манай улсад яагаад хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар зарим мэдээллийг өглөө. Тодруулбал,  “Боловсролтой холбоогүй хүн гэж байхгүй. Боловсролын Монгол дах гажуудал, тэгш хүртээмж 21-р зуунд ямар байгаа вэ гэдгийг ярихгүй бол бүх сайхан ажлууд нь цаасан дээр яваад байдаг, бодит байдал дээр юу ч байхгүй салбар болж хувирлаа. 

Монголынхоо боловсролын нөхцөл байдлыг мэдэхгүйгээр нийгэм үндсэндээ хоёр хуваагдаж байна. Сүүлийн үед гаднын орнуудын боловсролын орчих, системийн тухай видео бичлэг, контент их үзэх болж. Жишээлбэл, Японд хүүхдүүд анги танхимаа угааж байна, Хятадад хүүхдүүд анги дээрээ унтаж амарч байна, Финландад даалгавар өгөхгүй байна гэх мэт. Гэтэл нөгөө талд яам тамгын газрын нөхөд тамгатай цаас бариад хөгжинө, болно, бүтнэ гээд бодит байдлын тухай юу ч ярихгүй явсаар л байна. 

Эцэг эх, асран хамгаалагчид чухамдаа үр хүүхдээ амьдралд бэлдэхийг, сонирхолтой, хүссэн мэргэжлээр нь сургуульд элсүүлэхийг, хорт зуршилгүй эрүүл орчинд хүмүүжүүлэхийг хүсдэг. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд 771 мянган сурагч суралцдаг. Нэг ангид 40 болон түүнээс олон хүүхэд бий. Нэг багш ангид агуулгын хүрээнд хичээл заахад нийт хүүхдийн 15-20 хувьд нь л ойлгогдож байна гэсэн судалгаа бий. Өнөөдөр 1500 хүүхдийн багтаамжтай сургуульд 4500 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг дүр зураг ч бий. Гэтэл үе үеийн дарга нар зүгээр л энэ асуудлыг ярьдаг. Эсвэл аль нэг улс төрчийн пи-ар сурталчилгаа болоод өнгөрдөг. Улс төрчдийн оноо авах гэсэн л хэрэгсэл болж өнгөрдөг байдлыг халах хэрэгтэй. 

Гадаад улс орны боловсролын системийн ололттой давуу талыг өөрийн болгож ашиглаж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна вэ гэхээр, сургуулийн өдрийн завсарлага 40-60 минут байх ямар ч боломж байхгүй. Хоёроос гурван ээлжээр хичээллэдэг учир завсарлагааны хугацаанд 1500 гаруй хүүхдийг зөрүүлж амраах боломж байхгүй.

Мөн хүүхэд хичээлээ тараад хөгжих, сургалтад хамрагдах ямар ч боломж алга. Япон шиг байх нөхцөл байхгүй байгаа нь хоёр, гурван ээлжээр хичээллэж байгаатай холбоотой. Бусад оронд 80-100 жилийн турш энэ асуудлыг судалж мэдээд тойрох нь тойроод тойрохгүй нь дайраад гарсан. Өглөө 8 цагт хичээл орж өдөр 12-1 цагт тараад үдээс хойш 3-4 цаг хүртэл хангалттай хэмжээнд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаад явдаг. Тийм орчинд л хүүхэд хөгждөг. Өнөөдөр гэрийн даалгавар өгөхгүй байх хэрэгтэй гэж зарим иргэд ярьж байна. Уг нь тийм байж болдог. Гэхдээ манай улсад одоогоор ямар ч боломжгүй. Нэг багшийн заасан агуулга ангийн 15 хувьд л хүрч байхад, гэртээ хариад давтахгүй л бол тэр нь 5 хувь болж буурна. Үүнээс үүдээд боловсролын чанар унаж байгаа. 

Энэ мэтчилэн асуудалд эцэг эхчүүд мэдрэг, мэдлэгтэй хандаж боловсролын салбарын асуудалд дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна” гэлээ. 

Мөн тэрбээр багш нарын хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл муу байгаа асуудлыг хөндсөн юм. Багш нар ар гэртээ санаа зовохгүй, санхүү болон бусад хүндрэл учрахгүй бол боловсролын чанарт маш эерэг өөрчлөлт авч ирнэ гэдгийг онцолсон юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу