Монгол Улсад ирж байгаа Кибер халдлагын тухай болон хийж хэрэгжүүлэх ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2024.03.12) Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 83 хувь нь кибер залилан, үлдсэн хувь нь гэмт хэрэг эзэлж байна. Өнөөдөр (2024.03.12) Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар тогтолцоог бэхжүүлснээс хойш хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд зарим мэдээллийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан юм. 

Цахимжих хэрээр аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол кибэр хар зах дээр иргэдийн мэдээлэл худалдаалагдах эрсдэл үүсээд байна

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Хамгийн сэтгэл түгшээсэн мэдээлэл бол 2020-2021 онуудад кибер орчин дахь хар зах дээр Монгол Улсын иргэдийн мэдээллийг зарж борлуулж байсан нь тогтоогдож, яаралтай хариу арга хэмжээг авсан байдаг. 2.3 сая иргэний мэдээллийг зарж байсан тохиолдол бий. Мөн эрүүл мэндийн салбараар дамжуулан иргэдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй тохиолдол ч илэрсэн.

Мөн нэр бүхий аялал жуулчлалын газруудын веб хуудсаар дамжин иргэдийн нууц мэдээллийг алдсан тохиолдол ч гарж байсан. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд кибер аюулгүй байдлын тогтолцоо маш муу, бэхжээгүй байсан.  Кибер орчинд долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган халдлага манай улсад ирж байдаг. 

Дуудлагын төвд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг зарцаасан. Хууль хяналтынхан ажлаа хийж байна. Иргэдээс гомдол ирвэл шууд арга хэмжээ авч байгаа. Хувь хүн, иргэн бүр банкны, цахим шуудангийн нууц үгээ хүчирхэг хиймээр байна. Янз бүрийн линк дээр “Бод тэгээд товш” уриалгыг гаргаж байна.

Одоогоор манай улс кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Үндэсний дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн байгууллага, Хүний эрхийн комисс, Хууль зүйн яам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нь иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ажиллана. Хувь хүний мэдээлэлд халдсан байж болзошгүй тохиолдол бүрд хяналт тавьж ажилласнаар тодорхой үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Үүнийг дараагийн кибер зөвлөлийн хурал дээр танилцуулна. 

Цахимжих хэрээр аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол кибэр хар зах дээр иргэдийн мэдээлэл худалдаалагдах эрсдэл үүсээд байна. Нэгэнт хуулиа батлуулаад авсан, ажлын хэсгээ байгууллаа, олон улстай хамтрах боломж бүрдлээ. Тиймээс энэ ажилд албан байгууллагууд ч мөн хамтарч ажиллах шаардлага үүсэж байна. 

Өнгөрсөн хугацаанд төр таны мэдээллийг ашигласан ч мэдэгддэггүй байсан бол өнөөдөр мэдэгддэг болсон. Тиймээс төрийн зүгээс кибер халдлагатай тэмцэж эхэлж байна, санал гомдолд хариу туслалцаа үзүүлж байна. Иргэдийн зүгээс ч мөн үүн дээр хамтарч ажиллахыг хүсэж байна. Өөрийн цахим хуудас, хаягийнхаа нууц үгийн хүчирхэг байдалд анхаарч, болзошгүй эрсдэлд хянамгай хандахыг уриалмаар байна. Мэдээ мэдээллэр хангах, зөвлөгөө сануулга өгөх зэрэг ажлууд ч эрчимтэй явагдана” гэлээ.

Кибер зөвлөлийн дэргэд байгуулагдсан ажлын хэсэг нэг сарын хугацаатай ажиллаад эхний тайлан мэдээллийг өгөх ажээ. Ингэснээр хариу арга хэмжээг боловсруулан дараагийн арга хэмжээг авах юм байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу