Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн 20 гаруй насны залуус шаардлагыг нь эсэргүүцсэн тул агаарт хий бууджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний 20:55 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш (эр, 23) архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э (эр, 27 настай)-тэйгээ маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу очиход тэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тэдний аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан байна. Мөн хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж, дахин хохирол учруулах үйлдлийг таслан зогсоох эрхтэй.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу