Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо өөрийн сургаж буй бөхчүүдээ хянаж чадаагүй, алдаа гаргасны улмаас дэвжээгээ алдах магадлал өндөр, албан ёсоор хаахад хүрч болзошгүй байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлсээр байна.

Миягино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс өнгөрсөн Ням гарагт Сүмогийн холбоонд албан ёсоор Миягино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх эсэх талаар дахин тунгааж үзэх санал хүргүүлсэн билээ.

“Japan Today” энэ сарын 11-ний өдрийн мэдээлэлдээ “Хэрэв Сүмогийн холбоо тэдний саналыг хүлээн авбал Хакүхогийн дэвжээ дөрөвдүгээр сараас хаалгаа барьж, 2021 онд зодог тайлахаасаа өмнө 45 тэмцээнд түрүүлсэн ёкозүнад ч сөргөөр нөлөөлж болзошгүй талаар тэмдэглэжээ.

Японы зарим хэвлэлд Сүмогийн холбоо их аварга Хакүхогийн удирддаг Миягино дэвжээг хаах саналыг хүлээж авсан гэж мэдээлсэн байна. Миягино дэвжээг энэ сарын башёд түр удирдаж буй Тамагаки оякатагийн хэлснээр, Хакухогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Ошима дэвжээ рүү шилжүүлж болзошгүй байгаа аж. Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг тус дэвжээ Миягиногийн бөхчүүдийг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэж мэдэгджээ.

Монгол Улсын иргэн Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дарамталсан нь тогтоогдсон тул зодог тайлуулах шийдвэр гарсан. Японы зарим хэвлэлд “204 сантиметр өндөртэй, 182 кг жинтэй, 22 настай Хокүсэйхо доод зиндааныхаа бөхчүүдийг зодож, дээрэлхсэн, улмаар мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байна” гэж мэдээлжээ.

Түүний зохисгүй үйлдэл, авир байдлын талаар мэдээлээгүй, дэвжээнийхээ бөхчүүдийг удирдаж чадаагүй гэх үндэслэлээр Хакүхо М.Даваажаргал буюу Миягино оякатагийн зиндааг өнгөрсөн сард бууруулж, цалинг нь хассан билээ.

Үүний дараа Хакухо “Сургаж буй бөхчүүдээ хянаж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээж байна. Олон мянган сүмо сонирхогч, дэмжигчийнхээ сэтгэлийг түгшээж байгаадаа гүнээ харамсаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн Ням гаригт эхэлсэн Харү башё дууссаны дараа Миягино дэвжээний асуудлыг нухацтай авч үзэхээ мэдэгдсэн байна.

Миягино дэвжээг хааж болзошгүй байгаатай холбогдуулан япон иргэд эсэргүүцлээ илэрхийлэн, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 6262 хүн дээрх шийдвэрийг эсэргүүцэн, гарын үсгээ зураад байгаа ажээ.

Эх сурвалж: JAPAN TODAY, JAPAN TIMES
Д.ТУЯА

3 САНАЛ

  1. MONGOLIIN TSOG ZOLBOOTOI OD SHIG GYLALZAJ YVAA SAIKHAN ZALUUSIIG ZAAVAL YMAR NEGEN SHALTAG , SHALTGAAN OLJ BAIGAAD L HUUJ YVUULDAG IIM NEGEN MUUHAI ARGA ZALI, ZURSHILTAI ULS ORON UM BAINA L DAA. ENE NI SHALTGAAN CH BISH ZUGEER L SHALTAG. YLS TURIIN ZOLIOS SH DEE. ER NI MONGOL ZALUUS BUGD EH ORONDOO IREH, ENE SPORTIIG HAYAH HETEGTEI SH DEE. YMAR DELHII NIITIIN SPORT CH BISH OLIMPIIN TURULCH BISH IIM HUGIIN UMAAR YADAG UM BE . BUGD HAYACH…

  2. Энэ мэтчилэн асуудлууд манай бөхчүүдэд их л байгаа байх.
    Тэр нь аварга энэ нь залуу гэхгүйгээр шударгаар хийсэн хэрэгт нь зөв шийтгэл оноох нь өөрөө сумогийн эрүүл ёс зүй байх.
    Худлаа нутгархаж, дагаж далдаганаж долоосон гаруудын үгээр яваад л дуусч байна.
    Хариуцлагаа хүлээгээд алдсан улсууд нь зөв л явах хэрэгтэй.
    Хөөгдөөд энд ирэхэд нь хөөргөж хөөрүүлж байгаад залуу хүнийг “алах” вий дээ.
    Тийм тэнэгүүд дүүрэн байгаа шүү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу