“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт өнөөдөр (2024.03.12) Сонгуулийн ерөнхий хороонд боллоо. Энэ удаагийн уулзалтад 70 гаруй сэтгүүлч оролцов.

Уулзалтаар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явц болон сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар холбогдох албан тушаалтнууд сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өгч, санал солилцов.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хийв. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Мэдээллийн технологийн төвийн захирал Л.Лхамжав нар сэтгүүлчдийн асуултын дагуу холбогдох мэдээлэл өглөө.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, ахлах мэргэжилтэн П.Золбоо нар “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын онцлох зохицуулалт, анхаарах асуудлын талаар танилцуулга хийв.

Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллаж буй ажээ. Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, цахим орчинд сурталчилгаа явуулах болон гадаадад суугаа, байнга оршин суух хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн санал авах зохицуулалтын талаар сэтгүүлчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд “Сонгуулийн сурталчилгаандаа нам, эвсэл, нэр дэвшигчид хиймэл оюуныг ашиглаж болно. Технологийн дэвшлийг ашиглах эрх нээлттэй. Гагцхүү “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв” гэсэн шошгыг заавал тавих хэрэгтэй”. Бусад улсад ч энэ шаардлагыг тавьдаг жишиг бий.

Ирэх сард “Мета” компанийн Сингапур дахь төлөөлөгчид Улаанбаатарт ирнэ. Өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр бид тус компанитай хамтран ажиллаж, Ногоон суваг байгуулсан.

Нүүр номд нийтэлсэн, нэр дэвшигчидтэй холбоотой худал, нэр төрд халдсан гэх мэт мэдээллийг шуурхай шалган тогтоох ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. Тус компанийн мөрддөг хэм хэмжээг зөрчсөн, манай улсын Сонгуулийн хууль болон бусад журмыг зөрчсөн агуулгыг “Мета” шууд устгадаг. Бид blacklist.mn цахим хуудас ашиглана” гэж хэлэв.

Тус газраас 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр нийт 325 хүсэлтийг “Мета”-гийн Сингапур дахь оффис руу илгээж, нийт 138-ыг нь шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нүүр номын групп устгуулах 18 хүсэлтээс 5-ыг нь, нүүр номын хуудас буюу пэйж устгуулах 227 хүсэлт ирснээс 51-ийг нь устгажээ. Хаяг устгуулах 293 хүсэлтээс 143-ыг, контент устгуулах 570 хүсэлтийн 256-ыг хүлээн авчээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу