УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2024.03.12) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар зөвлөлдөж байгаа аж.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт буюу 2024.03.07-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ.

Шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд сүүлд шүүгдэгч З.Энхболдыг хуралд албадан ирүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн байдаг.

Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна.

Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн, шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 13:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, товыг тогтоож байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу