Израилийн цагдаагийн төлөөлөгч болон эмнэлгийн эх сурвалжийн мэдээлснээр, зүүн Иерусалим дахь Шуафат дүрвэгсдийн хуаранд хилийн цагдаа нар 12 настай палестин хүүг буудан хөнөөжээ.

CNN-ийн олж авсан дүрс бичлэгт Рами Аль Халхоули хүү буудуулахаасаа өмнө салют барьж явсан бөгөөд удалгүй газар унаж буй нь бичигдэж үлдсэн байна.

Израилийн цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ, дүрвэгсдийн хуаранд хүчирхийлэл үйлдэгдэж, үймээн дэгдсэний дараа цагдаагийн алба хаагчид хариу арга хэмжээ авч, хилийн цагдаагийн ажилтан “хүчнийхэнд аюул учруулсан сэжигтэний зүг буудсан” гэжээ.

Өмнөх жилүүдэд Израиль-Палестины мөргөлдөөний голомт болсон лалын шашинтнуудын ариун Рамадан сарын гурав дахь шөнө буудалцаан болж байсан аж.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Өнгөрсөн Мягмар гаргийн орой хүмүүс мөн Молотовын коктейль шидэж, салют буудуулан, аюулгүй байдлын хүчнийхэн рүү халдсан” гэжээ.

Бичлэг дээр аюулгүй байдлын хүчнийхэн харагдаагүй ч баруун эрэг дээрх тусгаарлах хаалтын өмнө Аль Халхоули хүү салют барин зогсож байсан аж. Бас нэг бичлэгт газар хэвтэж буй хүүг хүмүүс тойрон зогсож, нэгэн эмэгтэй түүнийг нэрээр нь дуудан орилж байжээ.

Израилийн цагдаагаас “Палестинчууд Шуафатад хоёр дахь шөнөө цагдаа нар луу чиглүүлэн Молотовын коктейль шидэж, салют буудууллаа” гэж мэдэгдсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч “Бүс нутагт аюул заналхийллийг саармагжуулах, эмх журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн цэргийн хүчийг байршуулсан” гэж хэлжээ.

CNN өнгөрсөн Мягмар гаригт цагдаагийн байгууллагаас дүрвэгсдийн хуаранд болсон гэх эмх замбараагүй байдлын талаарх нэмэлт нотлох баримтыг гаргаж өгөхийг хүссэн байна.

Аль Халхоули хүү Хадасса уулын Скопус эмнэлгийн гэмтлийн тасагт биеийн байдал нь маш хүнд хүргэгдэн ирснээсээ хойш удалгүй нас барсан гэж эмнэлгийн албаны хүмүүс CNN-д мэдээлжээ.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “Шуафат хуаранд жагсагчдыг тараасан Израилийн цэргүүдэд ямар нэгэн аюул учраагүй” гэж мэдэгдсэн байна.

Израилийн хэт барууны үзэлтэй Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Telegram хуудсаараа дамжуулан хүүг буудаж хөнөөсөн цэргүүдэд баяр хүргэжээ. Тэрбээр “Алан хядагчийг хөнөөсөн цэргүүдэд баяр хүргэж байна. Та террористуудын эсрэг яг ийм байдлаар шийдэмгий, гярхай ажиллах ёстой” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу