УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор болсон. Өөрөөр хэлбэл, 78 гишүүнийг сонгуулийн томсгосон тойргоос олныг төлөөлөх мажоритар аргаар сонгох юм.

УИХ Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийг бүсчилсэн байдлаар 13 тойрогтойгоор байгуулах шийдвэр гаргасан. Ирэх зургадугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалт явагдана.

УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулах учиртай. Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцахаар заасан.

Сонгогчдын саналыг авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарладаг. Сонгуулийн ерөнхий хороо энэ мэтчилсэн цаг хугацааны хуваарь гарган, хууль журмын дагуу ажиллаж байгаа ажээ.

ХЯЗГААРЛАЛТ, ХОРИГЛОХ ТУХАЙД

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор хуульд зааснаар шинэ оны эхнээс зарим төрлийн хязгаарлалтууд хэрэгжиж эхэлсэн. Хүн, хуулийн этгээд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэхийг хориглодог.

Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амрааж, сувилуулж болохгүй.

Түүнчлэн ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр давуу байдал олгосон, амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзах болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах хуулиар хориотой.

Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн, нам, эвслийн нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, торгуулийн арга хэмжээ авах зохицуулалттай.

“НЭР ДЭВШИГЧ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ БОЛ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ БҮРТГҮҮЛНЭ”

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд өнгөрсөн Мягмар гарагт Сонгуулийн ерөнхий хороон дээр болсон “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт дээр Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчмын талаар мэдээлэв.

Тус зарчимд:

-Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл (нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа)-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэнэ.

-Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.

-Цахим хуудас нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 48.3-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хийсэн сонгуулийн сурталчилгааг нийтэлнэ.

-Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах бол Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.2-т заасан дагуу бүртгүүлнэ.

-Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна” гэж заажээ.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ ЦАХИМ ХУУДСЫГ НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХ АВСАН ӨДРӨӨС ХОЙШ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР БҮРТГҮҮЛНЭ

Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн тухайд,

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.2-д, нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

-Нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн тус бүр нэг цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтанд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгууллийн сурталчилгаанд ашиглах цахим хуудсны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.

-Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь Хавсралт-2-т заасан маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж ирүүлэх бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нам, эвсэл нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн мэдээллийг бүртгэл хийснээс хойш нэг хоногтийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

-Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн албан ёсны цахим хуудаст сонгуулийн жил дуусах хүртэл хугацаанд байршуулна.

ДОМЭЙН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ДӨРВӨН ЦАГ ТУТАМД ШИНЭЧИЛНЭ

Нам, эвсэл, нэр дэвшигч блон үйлчилгээ эрхлэгчдийн эрх үүргийн тухайд,

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь

-Домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуулийн санал авах өдрийн дараахь өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутам шинэчлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэн дариу шинэчлэнэ.

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь

Хэрэглэгчийн нэг удаагийн холболт дахь бүх хандалтл нэг гадаад АйПи (IP) хаягаар дамжих боломжийг бүрдүүлэх бөгөөд харгалзах (гадаад, дотоод) хаягуудын мэдээллийг нэг сарын хугацаанд хадгална.

ВЭБ САЙТ НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХДАА СЭТГЭГДЭЛ БИЧИГДЭХГҮЙ ТОХИРГООТОЙГООР НИЙТЭЛНЭ

Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь

-Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу явуулах,

-энэ журмын 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэх техник, технологийн боломжийг хангасан байх,

-Нам, эсвэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрийн сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогдод харагдахгүй болгох тохиуулгын арга хэмжээ авах,

-Сонгуулийн сурталчилгаагаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Хавсралт 3-т заасан загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, домэйн нэр ашиглан мэдээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж буй бүх төрлийн вэб сайт нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх,

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр гаргаж хүргүүлэх үүрэгтэй.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАСАН ЦАХИМ ХУУДСЫГ ТҮР ХЯЗГААРЛАХ, СОНГОГЧДОД ХАРАГДАХГҮЙ БОЛГОХ ТЕХНОЛОГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА

Нам, эвсэл, нэр дэвшигч нь

-Нам, эвсэл, нэр дэвшигч нь цахим хуудас болон цахим шуудангийн мэдээллээ аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

-Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараахь өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах үүрэгтэй.

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГОМДОЛ МАРГААНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭНЭ

Гомдол, маргаан шийдвэрлэх

-Цахим орчин ашиглан явуулсан сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харъяаллын дагуу цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана.

-Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь иргэн, хуулийн этгээдийн гомдол маргааныг хүлээн авах шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд ил тод байршуулна.

-Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргаантай холбоотой асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад хандаж болно.

-Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тлалаарх тайланг сонгуулийн сурталтчилгааны хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧИЛГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭД МЭДЭЭЛЭЭГҮЙ БОЛ 20.000 НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

-Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 20.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргасан, эсхүл гаргахгүй байхаар амлалт авсан, гэрээ байгуулсан бол хүнийг 20.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 200.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

-Сонгуулийн сурталчилгаанд радио телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хуулийн этгээдийг 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

-Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр ярилцлагад оролцсон, эсхүл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэх, хөтөлбөөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, нийтэлсэн бол хүнийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 200.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу