Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар “Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээллээ. Хэсэг иргэд хэдхэн хоногийн өмнө дотоодын гурилан бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа талаар мэдээлсэн. Түүний дараа нийгмийн цахим сүлжээнд “Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан тул татгалзъя” гэх мэт сэтгэгдэлүүд ихэссэн юм. 

Г.Майцэцэг “Үндэсний үйлдвэрлэл яагаад үнэтэй байгаа тухай үйлдвэрлэгчдээс биш улс төрчдөөс, бодлого гаргаж байгаа хүмүүсээс асуугаасай гэж хүсмээр байна. Бодлого гаргагчид дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг өрсөлдөх чадваргүй болгож байна.

Засгийн газрын гаргасан шийдвэр, эрх барьж байгаа хүмүүсийн бодлого шийдвэр маш олон хүний амьдралд нөлөөлдөг. Монгол Улс сүүлийн 30 жилд үйлдвэрлэл биш, худалдааг барьсан бодлого тодорхойлсон учраас өнөөдөр бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тэнгэрт хадаад байгаа юм.

Миний мэдэх хэд хэдэн сүү сүүн, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дампуурсан. Мөн дотоодын бараа үйлдвэрлэгчид хүнд байдалд байна. Нэг л жишээгээр тайлбарлахад, та бүхэн санаж байгаа бол Ковид-19 цар тахлын үед хамгааллын хувцас хэрэглэл дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн.

2020 оны дөрөвдүгээр сард хамгааллын хувцас хэрэглэл хийх материалыг татвараас чөлөөлсөн хэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд, он солигдох гэж байхад хуульд өөрчлөлт оруулаад, буцааж татвартай болгосон. Тэгээд дотооддоо үйлдвэрлэх материал биш, гадаадад үйлдвэрлэсэн хувцас хэрэглэл оруулж ирэхэд татваргүй болгочихсон. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг 15.5 хувиар автоматаар бууруулж байгаа юм.

Мөн нэг ширхэг цамц үйлдвэрлэхэд гурван удаа татвар төлдөг. Түүхий эдээ оруулж ирэхэд 15.5 хувийн татвар төлдөг. Үйлдвэрлэх явцдаа ажилчдын цалин, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түрээс, тог цахилгаан гэх мэт зардал гардаг.

Хийсэн бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд ч ялгаагүй нэмэгдсэн өртгийн албан татвар, цалин түрээс, худалдагчийн цалин гээд гурав дахь удаагаа татвар төлдөг. Гэх мэт маш олон татварын дарамт туулсан бараа, бүтээгдэхүүн гаднаас ирсэн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадах уу? Яагаад ч чадахгүй. 

Үүний дараагаас арай гэж боловсруулсан бүтээгдэхүүнээ үнэтэй худалдахаас өөр сонголт байдаггүй. Үндэсний үйлдвэрлэгчид шуналтайдаа биш төрийн бодлого бидэнд “нэг бол үнээ нэмэх, эсвэл үйлдвэрээ хаах” гэдэг л сонголт өгч байна. Нэг хүний ярьснаар бүгдийг нь буруутгаж болохгүй.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хүсэж байна. Үйлдвэрлэгчдэд итгэл бүү алдраарай. Үндэсний үйлдвэрлэл гээд авахаар үнэтэй байгаа юм чинь гаднаас орж ирсэн хямдханаа авъя гэх хандлага гарч байна. Хэрэв тэгвэл үндэсний үйлдвэрлэл бүрмөсөн мөхнө” гэлээ. 

Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрбээр “Манай эрх баригчид бодлого гаргахдаа өөрсдийнхөө биш гаднын улс орны жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого гаргадаг” гэж онцолсон юм. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй болгож байгаа тухай УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргаж буйгаа мэдээллээ. 

шууд дамжуулалтыг үзэх: 

А.БАЯР

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу