Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор өчигдөр (2024.03.12) зарим хэсгийн урсгалыг өөрчилж зохицуулалт хийсэн. Энэ нь нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, иргэдийн бухимдлыг ихээр хүргэсэн юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтан олон нийтэд мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд: “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1-т заасан эрх, үүргийн хүрээнд л хийсэн ажил.

Тухайн хөдөлгөөнийг зохицуулах явцад тодорхой өөрчлөлт ажиглагдсан бөгөөд цагийн хугацаатай зохицуулалт хийж эргээд хэвийн байдалд оруулсан. Өнөө өглөө гучин минутын хугацаанд мөн уг зохицуулалтыг хийхэд өглөөний 8:26 минутын байдлаар ямар нэгэн замын хөдөлгөөний ачаалал байхгүй болсон. Мөн энэ хугацаанд бусад замын хэсгүүдийн ачааллыг бууруулах ажлыг албан хаагчид тасралтгүй гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллагаас хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, сийрэгжүүлэх цаашид тогтмолжуулах эсэх талаарх ажлын зураг авалтыг хийж, зохицуулалт хийсэн” гэж мэдээллээ.

Энэхүү зохицуулалтыг хэрэгцээ шаардлагад тулгуурлан зарим тохиолдолд цаашид хийж гүйцэтгэх талаар холбогдох байгууллагатай зөвлөлдсөний дараа мэдээлэх ажээ. Мөн “ач холбогдолтой, үр дүнтэй судалгаа шинжилгээ хийх үүднээс энэхүү зураг авалтыг хийсэн учраас заавал иргэдэд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй. Замын хөдөлгөөний ачаалал ид үүссэн үед энэхүү судалгааг авах шаардлагатай байсан. Үр дүнгийн мэдээллийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно” гэлээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу