Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст өнөөдөр (2024.03.13) дуусаж, гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. 

Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулав. 

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх олон хоног хуралдаж байж сая шийдвэрээ гаргалаа. Би гэм буруугүй. Хаа байсан 2019 онд Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг намайг хатгаж гаргуулсан гэдгээр яллаж байгаа юм байна. Би давж заалдана.

Би өнөөдөр өөрийгөө шүүхээс ял авлаа гэж үзэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-г Монголын ард түмэнд авч үлдсэний хариуг нэр бүхий бүлэглэл надаас авч байна. 

Б.Энх-Амгалан яамандаа ямар тушаал яагаад гаргаж, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх хурлын үеэр танилцаж, утасны дугаараа солилцлоо. “Үүнээс хойш ярьж байя. Зүгээр байж байхад хэлмэгдүүлдэг юм байна” гэсэн агуулгатай яриа өрнүүллээ. Хэргийн талаар нарийн зүйл ярихгүй. Хаа нэг газар, ямар нэгэн сайд тушаал гаргахад түүнтэй хамааралгүй хэн нэгнийг хатгагч гэж үзэж байгаа нь арай дэндэж байна.

Дараагийн шатны шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г авах гээд бүтээгүй улс төрчид, компаниуд бий. Тэдний гол зорилго намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Үүний тулд надад улс төрд ажиллаж болохгүй гэх таван жилийн ял өгүүлж байгаа юм” хэмээн хэллээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдсан.

З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу