Аливаа зүйлд эхлэл, өрнөл, төгсгөл гэж буй. “Бурхангүй газрын бумбанууд” галзуурч буй Монголын энэ нийгэмд одоохондоо юу ч хийгээд хэрэггүй нь. Энд нэг их цэцэрхээд, бас “тархины түгжээ” мултлах асуулт асуугаад, хариулт хайгаад байх ч шаардлага алга.

Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй нийслэл хотын удирдлага иргэдээ бухимдуулж, стресс депресст оруулж ханахгүй бололтой. Тэд яаж тэгж олж, тийм огцом огцом “галзуу” шийдвэрүүд гаргаж чаддаг байна аа.

Яалаа даа… Улаанбаатарын иргэд тэр нэгэн тэсгим хүйтэн Бямба гаригийн амралтын өдөр нийтийн тээврээр хуучнаараа хүссэн чиглэлдээ зорчиж чадахгүйд хүрч, “туршилтын туулай” болон, уур уцаараа барж, маш их бухимдацгаасан.

Бид байтугай нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар хүртэл хаачих учраа олохгүй алмайрч, өөрсдөө ч будилж байгаагаа учирлаж, аргаа барахдаа “Хаашаа явахаа тэр Нямбаатараасаа асуу” гэж уцаарлацгааж байж билээ.

Тэр өдөр автобусны зогсоолын арын самбарууд дээр “өдөж” байгаа мэт, жижигхэн үсгээр нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих шинэ чиглэлүүдийг ярайтал бичиж “даажигнасан”. Тогтож уншиж, явах чиглэлээ олно гэдэг “өвсөн дундаас зүү эрэх”-тэй адил хэцүү байсан.

Идэр есийн хүйтнээр туршилт хийж, хөгшид хүүхдүүдийг автобус хүлээлгэн дааруулж бээрүүлээд, ямар ч бодлогогүй, цаг үеэ бодож тооцоолоогүй гэнэтийн балай шийдвэр гаргасан хүмүүсийг “мэдрэл муутай” гэж дүгнэхэд ч багадах билээ. Тэгээд бас нийслэлийнхээ төв талбайг автобусны эргэлтийн цэг болгочихсон байсан гээд бод доо. Хоржоонтой шүү…

“Оролдлого сайт оройд” нь гэдэг үг бий. Гэхдээ хотын удирдлагууд, холбогдох албаныхан “бай”-гаа нэг л онохгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй будилаад байгааг хэлэх хүн олон байна. Бусад орны шийдэл, шийдвэрийг тэр чигээр нь дуурайж, иргэддээ бухимдал нэмэхийн оронд бодит амьдралд нийцүүлж, хөрсөн дээрээ буух хэрэгтэй л дээ, уг нь.

“Ач холбогдолтой судалгаа хийхийн тулд заавал иргэдэд урьдчилан мэдээлэх албагүй” гээд, сүүлдээ бүр хатуурхаж ч байх шиг. Энэ өрнөл нь байх л даа.

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өчигдөр (2024.03.12) зарим хэсгийн урсгалыг өөрчилж бас “даажигнасан”. Энэ нь түгжрэлийг улам нэмэгдүүлж, иргэдийн тэвчээрийг барсан.

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлэхдээ, энэ нь хуульд заасан эрх, үүргийн хүрээнд хийсэн ажил бөгөөд цагийн хугацаатай зохицуулалт хийж, эргээд хэвийн байдалд оруулсан гэнэ лээ.

Хотын дарга Х.Нямбаатар Х сүлжээгээр дамжуулан “арьсаа хамгаалсан” байв. Тэрбээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас авто замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу” гэжээ.

“Зовлонг хүн өөрөө бий болгодог” гэдэг. Бид төрд өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг сүү, талх, боовны мөнгөөр сонгосоор байвал ирээдүйд дээрхээс ч илүү “дамшиглал” амсахгүй гэх баталгаагүй.

Дарга, даамлууд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” л байг. Цэг тавих цаг ирэх нь тодорхой. Тиймээс юу ч битгий хий. “Нүдэн балай, чихэн дүлий”, чимээгүйхэн, мөрөөрөө цалингаа аваад л явж байя…

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу