Монгол Улс цоо шинэ биологийн, биобэлдмэлийн том үйлдвэртэй болох ёстой ч энэ “мөрөөдөл” ойрын хугацаанд биелэхгүйд хүрч буй нь харамсалтай. Учир нь, Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” хэлэлцээрийн дүнд “Биокомбинат” ТӨХХК-ийг өргөтгөх төслийн ажил зогсох нь тодорхой болоод буй.

Уг нь эл төсөл бүрэн хэрэгжсэн бол Монгол Улсад олон улсын GMP шаардлага хангасан үйлдвэр бий болж, вирусын гаралтай биобэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэх байв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийсэн айлчлалын үеэр 18 жил яригдсан “Биокомбинат”-ыг өргөтгөх төслийг зогсоож, түүнээс үүсэх зээлийн эх үүсвэрээр Байдрагийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулах саналыг манай талаас Унгарын талд тавьжээ.

Унгарын тал Байдрагийн УЦС барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өгчээ.

Түүний онцолсноор, Баянхонгор аймагт орших 50 мВт-ын хүчин чадалтай тус усан цахилгаан станцад Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 56 сая ам.долларын санхүүжилт хийх боломж үүсэж, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэх аж.

“Биокомбинат”-ыг өргөтгөх ажлыг зогсоож, Байдрагийн УЦС-ыг онцолж буй нь УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед Г.Занданшатар болон түүний нөхдөд “ашигтай” нь мэдээж.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянхонгор аймгийн Байдраг голд олон жилийн урсацын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий Усан цахилгаан станц байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусчээ.

Тус аймаг УЦС-тай болсноор усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломжтой болохоос гадна усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ. Мөн Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж буй юм.

Зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул “Луут” хэмээн нэрийдээд буй хиймэл нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах бөгөөд энэ нь ойролцоогоор Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ болохыг орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Тус УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй, зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох аж.

Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур 1990-ээд оны дунд үед хамгийн их түвшиндээ хүрч, улмаар уур амьсгалын өөрчлөлт дулааралт буюу ууршил нэмэгдсэн, хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн, голын урсац багассан шалтгаанаар усны түвшин нь аажим буурсаар байгаа аж.

Бөөнцагаан нуурын усны түвшний энэхүү бууралт нь уур амьсгалын дулаарлаас голлон шалтгаалж, нуурын үндсэн тэжээл болох Байдраг голын урсац багасан, нуураас уурших усны хэмжээ нэмэгдэн, нуурын усны тэнцэл алдагдсантай холбоотой гэж зарим судлаач хэлж буй юм.

Усан цахилгаан станцтай болсноор усны хэмжээ нэмэгдэх олон давуу талууд бий болно. Усны нөөц сэргээгдсэнээр, загас жараахай элбэгшиж, хиймэл нууруудыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжих давуу талтай бий болно гэж тооцжээ.

Монгол Улс мал аж ахуйн орон. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаа бодвол био үйлдвэрийн хувь заяаг шийдэх ч нэн тэргүүнд тулгамдсан асуудал учраас “Биокомбинат”-ын өргөтгөлийн ажлыг зогсооход хайран санагдаад байгаа юм.

Унгарын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар тус улсын эдийн засаг тийм ч таатай үзүүлэлттэй бус, төсөв нь алдагдалтай, өрийн болон эрчим хүчний үнийн өсөлтийн дарамттай байгаа аж. Иймд Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудал яригдсаны цаана өөр “ашиг сонирхол” байж болзошгүйг зарим шинжээчид хэлж, эргэлзэж буйгаа илэрхийлж байгаа юм.

Дулааны станц нь үйлдвэрлэлийг технологийн уур, дулаанаар хангах үндсэн үүрэгтэй.  Монгол Улс, Унгар улсын хамтын ажиллагааны хүрээнд 1960-аад оноос “Биокомбинат”-ын өргөтгөл шинэчлэлтийн ажил яригдаж, үйлдвэрлэл явуулахад дулааны эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болсон тул 1967 онд Дулааны станц барьж, 1969 онд 1-р зуухыг ашиглалтад оруулж байжээ.

1973 онд Унгарын БВ-300 маркийн 10 тн/цаг бүхий хүчин чадалтай дөрвөн зуухыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан бол 1973-1990 онд Унгар мэргэжилтнүүдийн хамт жилдээ 120000 гкал дулаан үйлдвэрлэж, үйлдвэрлэлийг технологийн уур дулаанаар, мөн Сонгино тосгоныг дулаанаар хангадаг байжээ.

1996 онд Унгар улсын БВ-300 зуухны ашиглалтын хугацаа дууссан тул Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-ын КЕ10/14, КЕ6,5/14 зуухыг түлш дамжуулах хэсэг, барилга байгууламжийн хамт 1998 онд ашиглалтад оруулжээ. 2002 онд үйлдвэрийн томоохон зардлыг эзэлдэг нүүрсний зардлыг бууруулах төсөл, санаачилгын үр дүнд БНХАУ-ын SZL 4/1.25AII маркын хоёр зуухаар нэмж өргөтгөсөн байна.

2006-2008 онд ОХУ-ын КЕ10/14 маркийн ул ширэмт зуухны галын хотлын шаталтын технологийг өөрчлөн, нам температурын буцалмал үет шаталт /НТБҮШ/-тай технологид шилжүүлсэн нь зардал хэмнэсэн, зуухны АҮК-ийг дээшлүүлсэн, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн томоохон ажил болсныг мэргэжилтнүүд ярьсан юм.

Ул ширэмт зууханд жилдээ 25000-40000 тн нүүрс зарцуулагддаг байсан бол энэхүү технологийн дэвшлийн үр дүнд жилдээ 7000-8000 тн зарцуулдаг болж, мөнгөн дүнгээр 400-500 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тус Дулааны станц нь Багануурын нүүрсний стандартад тулгуурлан баригдсан бөгөөд 4-10 тн/цаг хүчин чадалтай 4 зуухтай, 47 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөлд хүчин чадал нь 18 Мвт юм байна.

Унгар улсын тусламжаар сүүлд хэрэгжиж байсан төслөөр Дулааны станцад дахин нэг зуух нэмж, үйлдвэрийн хүчин чадлыг 25 Мвт болгон өргөтгөх байсан аж. Мөн Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн шинэ барилгын хувьд зөвхөн технологийн цэвэр уур /Clean steam/-аар хангах цэвэр уурын генератор суурилуулах байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу