Хан-Уул дүүрэгт байрлах “Time square” хотхоны 509-р байрны оршин суугчийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу тухайн газраас сурвалжиллаа. 

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарсны улмаас байр, орон сууцны дээвэр дэх цас хайлж, их хэмжээний ус хуримтлагдах тохиолдол нэлээд гарч буй юм. 

NCD группийн “Time square” хотхоны 509-р байрны нэгдүгээр давхарын айл руу их хэмжээний ус гурван өдрийн турш гоожиж, багагүй хэмжээний хохирол учруулаад байгаа ч хотхоныг хариуцсан албаны хүн болон СӨХ-ноос дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны 19:00 цагт биднийг очиход тухайн иргэн өрөөнийхөө хана дагуу ус тосох сав суулга байрлуулан гэрийнхээ эд хогшлыг нөгөө өрөөндөө хураасан байлаа. Нэгдүгээр давхарт амьдардаг тус иргэний хувьд гурван өдрийн турш ийнхүү ус тосож байгаа аж.

Энэ талаар тэрбээр “Барилгын өнгөт хавтангийн араар гурван өдрийн турш ус урсаж байна. Манай том өрөөний хана дагаж ус урсаж, одоогоор сав суулга тоссон байдалтай байна. “Номин констракшн Девелопмент групп”-т би удаа дараа гомдлоо хэлсэн.

Манай хотхонд байрлах Борлуулалт, хэрэглэгчидтэй харилцах албанд хандахаар “Манайх байр аа хүлээлгээд өгчихсөн. Хуулиараа одоо СӨХ хариуцна” гэдэг. СӨХ нь болохоор “Өнгөт хавтан, гадна фасадны цаана, тэр тусмаа шилэн хөвөнгийн цаана хуримтлагдсан цас хайлахад манайх хамаагүй, хариуцахгүй” гэсэн хариулт өгсөн. Ийм л байдалтай гурван өдөр хэн нь ч хөдөлж, шийдэж өгөөгүй байна” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн тус хотхонд байрлах “Номин констракшн Девелопмент групп”-ийн Харилцагчийн хэлтсийн дарга Б.Баяртогтох гэдэг хүнтэй уулзаж, санал гомдлоо хэлсэн боловч “Барилгынхаа хуулийг мэдчихээр ир, битгий хүний тав тух алдагдуулаад бай” гээд хөөх шахам өрөөнөөсөө гаргажээ.

Сууц өмчлөгчдийн холбоо нь барилгын инженерчлэлийн асуудалд бид хариуцлага хүлээхгүй, ил тогтсон цасыг арилгахаас өөр арга хэмжээ авч чадахгүй гэсэн хариулт өгдөг аж.

Энэ талаар “Номин констракшн Девелопмент групп”-ээс тодруулахаар тус хотхонд байрлах Борлуулалт, харилцагчийн хэлтсийн байр руу орсон боловч ажлын цаг дууссан, мэдээлэл өгөх албан тушаалтан байхгүй гэлээ.

Тус иргэн энэхүү асуудалд шийдэл олохоор аль аль талын албан тушаалтанд хандсан ч хариу арга хэмжээ авахуулж чадалгүй гурав дахь өдөртэйгөө золгож байгаа аж. Энэ мэт үүссэн асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй, хугацаа алдсаар байгаа нөхцөлд иргэд эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирсоор байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу