Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг өнөөдөр (2024.03.14) зохион байгуулна. 

Форумаар “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргийг хэлэлцэх юм.

Тус форумын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Зарим дүүрэг 5000 гаруй, зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Олон хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаан, хүнд суртал бий болдог. Иймээс засаг захиргааны нэгжийн хуваарилалт хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэн, ямар байдлаар шинэчилбэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөлж болох талаар ярилцана.

Мөн “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг ч хэлэлцэх юм. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох давуу талтай. Дэд бүтцийн хомсдол нь эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Хотын захын бүсийг барилгажуулахад эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдгийг том зургаар нь харах юм.

Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийг шийдэхгүйгээр нийслэлийн тогтвортой хөгжлийг ярих боломжгүй. Иймд дээрх сэдвээр олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдэл гаргахаар төлөвлөж байна хэмээн ярьсан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу