Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Сергей Фёдорович Алейник 2024 оны гуравдугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм байна.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч дагалдан ирэх ажээ.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, айлчлалын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, төр, засгийн удирдлагад бараалхах юм байна.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ Онцгой Байдлын Ерөнхий Газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцах аж.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх удаа айлчилж байжээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон  билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу