АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн Лхагва гарагт дэлхийн хамгийн алдартай сошиал платформуудын нэг болох ТикТок сүлжээг тус улсад ашиглахыг хориглох талаар тусгасан хуулийн төслийг баталсан. Тодруулбал, ТикТок-ийг эзэмшигч Хятадын “Byte Dance” компанид хувьцааныхаа хяналтын багцыг зарахад зургаан сарын хугацаа өгөх, эс бөгөөс уг нийгмийн сүлжээг АНУ-д хэрэглэхийг хориглох юм.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны хорооноос өнгөрсөн долоо хоногт “Америкчуудыг гадаадын дайсны хяналттай программаас хамгаалах тухай хууль” нэртэй хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Мөн өнгөрсөн Лхагва гарагт тус танхимын 352 төлөөлөгч хуулийн төслийг дэмжиж санал өгсөн бол ердөө 65 төлөөлөгч эсрэг саналтайгаар хуулийн төслийг баталсан байна.

Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталсан хэдий ч Сенат дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болох юм. Жо Байден өмнө нь “Сенат уг хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч Жо Байден өөрийнх нь ширээн дээр ирсэн даруйд гарын үсэг зурна” гэж мэдэгдсэн бөгөөд Хятадтай дипломат маргаан үүсгэж болзошгүй байгаа аж.

АНУ-ын хууль тогтоогчид ТикТок-ийн ард Хятадын нөлөө бийд ихэд санаа зовж, анхаарал хандуулсаар иржээ.

Хятадын 2012 онд байгуулагдсан “Byte Dance” компани ТикТок-ийг эзэмшдэг. Бээжинд төвтэй тус компани Кайманы арлуудад бүртгэлтэй бөгөөд Европ, АНУ даяар оффистой.

“Byte Dance” хяналтын багцыг худалдах ажлыг дуусгахын тулд Хятадын албаны хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагатай ч Бээжин эсэргүүцэхээ мэдэгджээ. Хятадын компаниуд үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хүсэлтийн дагуу мэдээллээ танилцуулдаг байна.

ТикТок АНУ дахь 150 сая хэрэглэгчийнхээ мэдээлэлд Хятад дахь “Byte Dance” компанийн ажилтнуудыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авснаа холбогдох албаныханд батлахыг оролдсоор иржээ.

ТикТок-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чугийн хувьд компани нь мэдээллээ аюулгүй байлгах, платформыг “гадны манипуляциас ангид байлгах” үүрэгтэй гэж мэдэгдсэн удаатай. Тэрбээр “Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал АНУ-д уг аппликейшнийг хориглож, “олон нийтийн сүлжээ эзэмшигч бусад цөөн хэдэн компанид илүү их эрх мэдэл” өгч, Америкийн олон мянган ажлын байр эрсдэлд орно” гэж хэлжээ.

 

“Уолл Стрит Жорнал” сэтгүүлээс өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан судалгаагаар, уг сүлжээний өгөгдлийг АНУ дахь ТикТок болон Хятад дахь “Byte Dance”-ийн хооронд албан бусаар хуваалцаж байгаа тул систем нь “аюулгүй бус” хэвээр байна гэж гарсан байна.

ТикТок уг хуулийг “Хэрэглэгчдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна” гэжээ. Хятадын Гадаад хэргийн яам уг хуулийн төслийг “дээрэлхсэн үйлдэл” гэж онцолсон байна.

X (хуучин Твиттер) дээр нийтэлсэн дүрс бичлэгт ТикТок-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу TikTok хэрэглэгчдийн нийгэмлэгт талархал илэрхийлээд, “Компани хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй байлгах, платформыг гаднын нөлөөллөөс ангид байлгахад анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийсэн” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Хэрвээ хуулийн төсөлд гарын үсэг зурвал Америкийн олон зуун мянган ажлын байр эрсдэлд орохоос гадна жижиг бизнесүүдийн халааснаас олон тэрбум ам.доллар урсан гарна” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: CNN, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу